Сүүлийн хэдэн өдөр монголчуудын хувьд хүлээлт, түгшүүр, горьдлого тээсэн бараандуу өнгөрч байна. Өөрсдийн хүсэл мөрөөдөл, сэтгэл зүрхний дуудлагаар Отгонтэнгэр хайрхны оргилд авиралт хийхээр явсан уулчдын багаас 10 гаруй хүн амь эрсдэж, монголчуудын хувьд томоохон эмгэнэлт явдал тохиолдоод байгаа билээ.
Одоогоор ослын газарт ойролцоогоор 200 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны аврагчид 3000 гаруй метр өндөрт амь эрсэдсэн уулчдын цогцсыг доош буулгах хүнд бөгөөд эрсдэлтэй ажлыг гүйцэтгэж байна. Мэргэжлийн уулчид явахад ч хүндрэлтэй тэр л орчинд Онцгойгийн залуус амь насаа үл хайрлан зүтгэцгээж байгаа юм.
Бусад цэргийн байгууллагатай харьцуулахад, Онцгой байдлын албаныхны өдөр тутмын ажил, үүрэг нь гамшгийн аюулаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй байгаль орчныг авран хамгаалах үйл ажиллагаа байдаг тул өөрийн эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэлийг байнга дагуулж байдаг бөгөөд сүүлийн 10 жилийн байдлаар тус албаны 33 албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн мэдээлэл байдаг.
Манай улсад жилд дунджаар 3600 гаруй гамшгийн аюулт үзэгдэл тохиолддог бөгөөд Онцгой байдлын алба жилдээ 800 гаруй хүний амь нас, 10 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, олон сая га ой, газар нутгийг авран хамгаалдаг юм.
Албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах нь түүний ар гэрт маш хүнд цохилт болдог нь мэдээж. Тэгээд ч тэдний ар гэр нь ихэвчлэн нялх, балчир насны хүүхэдтэй, гэр бүлийн хүн ажил төрөлгүй, ялангуяа аврагч, гал сөнөөгч зэрэг албан хаагчид бараг бүгд л хашаа байшин, орон сууцны, хүүхдийн сургалтын, цалингийн зэрэг зээлтэй байдаг аж.
Тэд “Эх орноо батлан хамгаалахад амь бие үл хайрлана” хэмээн тангараг өргөсөн албан хаагчид бөгөөд ямар ч хүнд нөхцөлд үүндээ үнэнчээр ажиллаж байна. Хаана л гал, усны гамшиг, гайт осол эндэл болно, тийшээ онцгойгийн аврагчид дуудагдан явдаг.
2007 оны зун Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ХХЕГ-ын 253 дугаар ангийн 8220 дугаартай МИ-8 нисдэг тэрэгтэй ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын дарга, комиссар Д.Батбаатар, 15 гал сөнөөгч , нисэх багийн гурван гишүүн яваад эргэж ирээгүй юм.
Мөн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг газар авахуулахгүйн тулд өргөсөн тангаргаа биелүүлэхээр мордсон залуус болох Дорнод аймгийн Онцгой байдлын дэслэгч, аврагч шүхэрчин, гал сөнөөгч 38 настай Ч.Намжилдаш, Онцгой байдлын ахлагч эрэн хайх аврах салбарын аврагч, 28 настай С.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын хэлтсийн эрэн хайх аврах салбарын аврагч шүхэрчин, аврагч, 27 настай Ж.Одбаяр нар ажил үүргээ гүйцэтгэж яваад 2012 оны хавар амь эрсдэж байсан билээ.
Энэ мэтчилэн, бусдын амь нас, өмч хөрөнгийг аврахын тулд өөрийн амиа ч үл хайрлан зүтгэдэг Онцгой байдлын албан хаагчид бол бидний дунд чимээгүй ажиллан, гавьяат үйлс бүтээж буй жинхэнэ БААТРУУД юм. Тэдний ажил үүргийн асар хариуцлагатай, хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан цалин хөлсийг амьдрал ахуйд нь хүрэлцэхүйц хэмжээний хангалттай өгдөг байвал аль аль талдаа шударга үнэн, хүн чанарын хувьд буянлаг үйлс болох биз ээ.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN