Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах аргачлалд суралцаж байна

9X1A5273.jpg
Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэдэг.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: Байгалийн гамшиг тохиолдоход хурдан шуурхай шийдвэр гаргаж, эрсдэл багатай даван туулах чадвартай болно
– Өмнө нь 2012 онд бүр иж бүрэн сургуулийг зохион байгуулж байсан. Үүнээс хойж 5 жил  өнгөрч энэ хугацаанд сонгуулийн хоёр цикл өнгөрчээ. Олон ч хүн өөрчлөгдөж, солигдсон. Ялангуяа сум орон нутгийн удирдлагууд нэлээд өөрчлөгдсөн. Тэгэхээр бид энэ хүмүүсээ байгалийн аль нэг гамшиг болоход бэлэн байх, түргэн шуурхай мэдээллийг авдаг, шийдвэрээ гаргаж чаддаг болох түвшинд бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд Архангай аймгийн өвөлжилтийн байдал хүнд түвшинд байна. Бэлчээрийн ургац тааруу, хадлан өвсний 30-40 хувийг бэлдсэн байх жишээтэй. Дээрээс нь манай аймаг ойн сан ихтэй учраас ойн түймэр гарах, малын янз бүрийн гоц халдварт өвчин гарах магадлал өндөртэй аймаг. Энэ бүгдэд л удирдах бүрэлдэхүүнийг бэлэн байлгах зорилготой энэ удаагийн сургууль дадлагыг хийж байгаа юм. Энэ сургалт зохион байгуулагдснаараа байгалийн аливаа гамшиг бий болоход  хурдан шуурхай шийдвэр гаргаж, аль болох эрсдэл багатай даван туулах чадвартай болох юм.
Ихтамир сумын Засаг дарга Ц.Сэнгээ: Бид эндээс сурч мэдсэн мэдлэгээ цааш нь түгээхэд анхаарч ажиллана
-Энэ удаагийн Гамшгаас хамгаалах команд штабын сургууль үр дүнтэй болж байна. Орон нутагт гамшиг гарлаа гэхэд бид өөрсдөө хариуцаж, гардан ажиллах төлөвлөгөөгөө гаргадаг  болохоор эндээс нэлээн их зүйлийг сурч ойлгож авч байна. Энэ сургуулийн өмнө манай сумын мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгасан. Манайх нэлээд өндөр буюу 97 хувиар үнэлэгдэж шалгуулсан байгаа. Гамшиг гэдэг бол гэнэтийн зүйл шүү дээ. Тийм учраас бид 2017 оны төсөвтөө гурван сая гаруй төгрөгийг төсөвлөж, багаж тоног төхөөрөмж, богино долгионы аппарат, жигд хувцас, аранз гэхчлэн олон зүйлийг авч бэлдсэн. Энэ сургуулиар хүн ардаа аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, аюул болсон үед хэрхэн аюулаас хамгаалах, яаж ажиллах вэ гэдэг аргачлалыг заалгаж байна. Бид эндээс сурч мэдсэн мэдлэгээ цааш нь түгээхэд анхаарч ажиллана. Манай сум жилдээ нэг удаа гамшгаас хамгаалах сургууль, сургалт дадлагыг хийдэг. Цаашид энэ сургалтаас авсан мэдээлэл дээрээ тулгуурлан зохион байгуулна.  
Эрдэнэбулган сумын II сургуулийн захирал Н.Гэрэлчулуун: Бүх багш, ажилчид, сурагчдад энэ мэдээллийг түгээх ажлыг хийнэ
-Байгалийн гамшиг ялангуяа газар хөдөллөө гэхэд сургуулийн удирдлагууд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг чиглэлээр аргачлалд суралцаж байна. Өөрөөр хэлбэл, цагийн байдлыг хэрхэн боловсруулах вэ, сургууль дээрх гамшгаас урьдчилан сэргийлэх түр штаб яаж ажиллах, сургууль дотор байгаа багш, сурагчдад ямар арга хэмжээ авч болох, асгарсан химийн бодис, цахилгаанаас үүдэлтэй галыг яах вэ гэсэн чиглэлээр мэдээлэл авч, зураг дээр ажиллаж байна. Манай сургууль дээр гамшгаас хамгаалах түр штаб долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Энэ штабынхаа хүмүүст эндээс олж авсан мэдээллээ танилцуулж сургалт хийнэ. Тэд маань бүх багш, ажилчид, сурагчдад энэ мэдээллийг түгээх ажлыг хийхээр төлөвлөж байна. Манай  сургуулийн өсвөрийн аврагч бүлэг  маань анхан шатны тусламж үзүүлж ажилладаг байгаа. 
Эх сурвалж: montsame.mn Б.Гэрэлт-Од
scroll to top