Онцгой байдлын үед ашиглах орон зайн суурь мэдээллийн сан бий болгоно

DSC_8144.jpg

     Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, аюулыг эрт зарлан мэдээлэх, зөв шийдвэр гарган хариу арга хэмжээ авах ажиллагаанд газар зүйн мэдээллийн систем зайлшгүй шаардлагатай байдаг.

   Тиймээс онцгой байдлын үед ашиглах орон зайн суурь мэдээллийн санг бий болгоход Онцгой байдлын ерөнхий газраас анхаарал хандуулан ажиллаж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран “Онцгой байдлын үед орон зайн суурь мэдээллийн санг ашиглах нь” сэдэвт хоёр дах шатны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын  нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Онцгой байдлын үед орон зайн суурь мэдээллийн санг ашиглах нь” сургалт нь газарзүйн мэдээллийн систем болох Arc GIS програм дээр ажиллах, мэдээллийн сан үүсгэх, орон зайн мэдээллийг тоон хэлбэрт хөрвүүлэх, өгөгдөл мэдээг шинээр оруулах, засварлах, мэдээллийн санд хайлт, шүүлт хийх мэдлэгийн онол, дадлага олгох зорилготой юм.

Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын нийт 60 гаруй алба хаагчид оролцож байгаа бөгөөд сургалт 2017 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top