Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 08, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 09-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 08,11-нд ихэнх нутгаар, 09-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 09-11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр давхарт байрлах номын санд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 12:10  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, нэмэлтээр дуудлагаар Гал түймэр унтраах аврах 59 дугаар ангийн 15 алба, нийт 22 алба хаагч, 3 автомашинтай 12:14 цагт хүрэлцэн очиж, 01:10 цаг ажиллаж, унтраасан.

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэ-Мандал багт тус сумын харьяат иргэн Э-гийн 69-05 БНХ улсын дугаартай ’’Ниссан экстрайл’’ загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 03:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 04:02 цагт хүрэлцэн очиж, 00:11 минут ажиллаж, унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур-Хээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 08:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 08:12 цагт хүрэлцэн очиж, 00:27 цаг ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд иргэн Ц-гийн 16-48 УНУ улсын дугаартай ’’Шевролит’’ загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 23:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 00:16 цагт хүрэлцэн очиж, 00:10 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18:25 цагт хүрэлцэн очиж 00:45 минут ажиллаж, унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн ’’Их хангай’’ гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 60 км-т/ Багахангай дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Багахангай дүүргийн харьяат иргэн Г-гийн 42-19 УНИ улсын дугаартай ’’Toyota Приус-20’’ загварын автомашин, Улаанбаатар хотоос Шивээговь чиглэлд зорчиж явсан Улаанбаатар хотын харьяат иргэн Б-гийн 13-96 ГСА улсын дугаартай ’’Ниссан вингроуд’’ загварын автомашин хоорондоо мөргөлдөж, замын хажуу руу унаж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 13:40 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 80 дугаар ангийн  7 алба хаагч, 1 автомашинтай 14:10 цагт хүрэлцэн очиж, 00:35 цаг ажиллаж, иргэн Б /46 настай эрэгтэй/, Д /45 настай эрэгтэй/, иргэн О /49 настай эмэгтэй/ нарыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа / цасанд суусан/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ’’Эмээлтийн хөтөл’’-д Төв аймгийн Заамар сумаас Төв аймаг руу зорчиж явсан иргэн Б-гийн 57-71 УНЭ улсын дугаартай портер загварын автомашин цасанд суусан, нялх хүүхэд осгох гээд байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20:11 цагт хүрэлцэн очиж, иргэн Б /39 настай эрэгтэй/, иргэн Д /37 нас эмэгтэй/ Ч /3 нас эрэгтэй/ нар 57-71 УНЭ улсын дугаартай портер завгарын автомашинтай цасанд суусан байсныг 01:52 цаг ажиллаж гаргасан.

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч 11.06-ны өдрийн 13:55 цагт Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсээс 12 алба хаагч, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалттай ангийн 20 алба хаагч, Онцгой байдлын хэлтсийн 11 алба хаагч, нийт 43 хүн, 1 автомашинтай Замын-Үүд сумын 1, 2, 3, Сүлд, Борхойн багуудын нутаг дэвсгэрээр эрлийн ажиллагааг 23:50 цаг хүртэл зохион байгуулж, 11.07-ны өдөр дахин эхлүүлэхээр түр зогсоосон.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Гүн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн тийш 60 км-т/ тус багийн иргэн Э /16 настай, эрэгтэй/ 11.06-ны өдрийн 15:00 цагт хүүхдийн төрсөн өдөрт очно /гэрээс нь 1 км зайтай/ гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус сумаас 11 иргэн, 3 автомашинтай 23:00 цагт хүрэлцэн очиж, 05:00 цаг хүртэл хүртэл эрлийн ажиллагааг нийт 06:00 цаг зохион байгуулж, 11.07-ны өдрийн 07:25 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн ’’Дэлгэрмөрөн’’ голд тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 14:38 цагт хүрэлцэн очиж, 00:09 минут ажиллан аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ иргэн Ц-гийн 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 11:00 цагт хүрэлцэн очиж, 00:40 цаг ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргаж, иргэн Ц-д хүлээлгэн өгсөн.

Цасанд боогдсон: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын 4 автомашин цасанд суусан дуудлагыг 11.06-ны өдрийн 08:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 12:00 цагт хүрэлцэн очиж, 04:00 цаг ажиллаж, нийт 53 зорчигчтой, 4 автомашиныг цасанд суусаныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top