Гамшгаас хамгаалах салбарт Солонгос улстай хамтран ажиллана

23592065_1512204662196995_396008047281899226_o.jpg

БНСУ-ын Гёонги мужийн гамшгаас хамгаалах газраас зохион байгуулсан “Гамшгийн менежментийн системийн бүтэц, хөгжлийг хангах нь” сэдэвт айлчлалд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд оролцоод ирлээ.

Хоёр орны харилцан хамтын ажиллагааны хүрээнд Гёонги мужийн хотуудын аврах эрэн хайх газартай харилцаа тогтоож хамтран ажиллах талаар удирдлагууд санал солилцлоо. Мөн хоёр улсын хооронд гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хамтарсан санамж бичгийг шинэ шатанд гаргаж гэрээ болгох, Монгол Улсын Онцгой байдлын албаны боловсон хүчний болон техник, тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Ажлын хэсэг Гёонги мужийн Сүвон хотын Гамшгийн Шуурхай удирдлагын төв, Аврах тусгай анги, Галын академи, Гамшгийн удирдлагын судалгааны болон иргэдийг гамшгаас хамгаалах төв зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж дэвшилтэт шинэ технологи, шинэ санааг өөрийн нутгийн хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх талаар туршлага судаллаа. Энэ үеэр БНСУ-ын  Онцгой байдлын албаны баярын өдөр тохиосон нь онцлог үйл ажиллагаа байлаа. Уг арга хэмжээний үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Гёонги мужийн захирагч хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн  гэж Дархан –Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

scroll to top