Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Монгол Улсын Засгийн газар бэлтгэлийг ханган ажиллаж байна. Тус хурлыг Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулах юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран маргааш буюу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн орлогч дарга Анимеш Кумар нар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдөд танилцуулга, мэдээлэл өгөх юм.
Мөн хурлын бэлтгэл ажлыг хангуулахад олон улсын болон дипломат төлөөлөгчийн газруудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.