Азийн сайд нарын бага хурлыг олон улсын болон донор байгууллагуудтай хамтран зохион байгуулна

23635400_1822406201121573_581580655_n.jpg

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны долдугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр бага хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон донор байгууллага, элчин сайдын яамдын төлөөллүүдийг оролцуулсан зөвлөлдөх бүлгийн уулзалтыг  Төрийн ордонд зохион байгууллаа.

Зөвлөлдөх бүлгийн уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “2015 онд 189 орны төлөөлөгчид Япон Улсын Сендай хотноо чуулж Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг баталсанаар дэлхий нийт гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас иргэдээ хамгаалах үйлсэд хүчин чармайлтаа нэгтгэн ажиллах ёстойг дахин баталгаажуулсан билээ.

2016 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Нью Дели хотноо амжилттай зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөө зэрэг чухал баримт бичиг батлагдсанаар Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн, үндэсний болон орон  нутгийн түвшинд ард иргэдээ гамшгаас хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэх үүргээ дахин баталгаажуулахад өндөр ач холбогдол бүхий дэвшилт алхам болсоныг онцлон тэмдэглэмээр байна. Монгол Улс гамшгийн эрсдэлийг болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох замаар нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг улс орондоо болон бүс нутагтаа хангахын төлөө чармайн ажиллаж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд,  Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилтуудыг манай орны төрийн бодлогод тусган, уялдааг нь хангахад онцгойлон анхаарч байна. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёр дугаар бага хурлыг 2018 онд зохион байгуулсанаар манай Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутаг, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлж буйн нэг илэрхийлэл юм” гэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд батлан гаргасан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлж, цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ” гэж зааж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа юм.

Мөн энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци зэрэг баримт бичигт дэвшүүлсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тодорхой заалтуудыг оруулсан.

Уг хуулийг шинэчлэн батласнаар Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллахаар хүлээсэн үүрэг амлалтаа эрх зүйн хүрээнд баталгаажуулах алхмыг хийгээд байгаа юм.

2018 онд Улаанбаатар хотноо чуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлаар “Гамшгаас урьдчилан сэргийлсэнээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” гэсэн үндсэн уриан дор гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн нийтийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн тодорхой санал санаачилгуудыг хэлэлцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг биелүүлэхэд манай бүс нутгийн улс орнуудын гаргаж буй ололт амжилтуудыг таниулах, тэргүүн туршлагаас хуваалцах, Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримтлаж буй бодлого, хэрэгжүүлж бүй үйл ажиллагаагаа бүс нутаг болон дэлхий нийтэд таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулах салбар дах бүс нутгийн болон олон улсын түншлэлийг өргөжүүлэх тэлэх боломжуудыг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлээд байна.

Өнөөдрийн Зөвлөлдөх бүлгийн уулзалтанд Тайланд Улсын Бангкок хотоос НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн орлогч дарга Анимеш Кумард хүрэлцэн ирж оролцож байна.

Мөн Зөвлөлдөх бүлгийн уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, БТХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман нар оролцлоо.

Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа,  НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн орлогч дарга Анимеш Кумар нар  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  бага хурал”-ын талаар уулзалтад оролцогчдод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаархи танилцуулгыг хийлээ.

Өнөөдрийн зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт нь 2018 оны Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулах, тус бага хурлаас гарах үр дүн, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээ болж байна.

Уулзалтад оролцсон  олон улсын болон донор байгууллагуудаас дэвшүүлсэн саналыг Азийн сайд нарын бага хурлын үеэр хэлэлцэх асуудлууд, бага хурлаас гарах баримт бичигт тусгаж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

 

 

 

scroll to top