Оросын холбооны Улсад зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтарсан комиссын XVI хуралдаан”-д ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Захиргааны удирдлагын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нарын удирдлагууд оролцож байна.
Уг хуралдаан нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх академид 2001 оноос эхлэн Онцгой байдлын албаны алба хаагчдыг суралцуулж эхэлсэн. Энэ хугацаанд Онцгой байдлын албаны 100 гаруй алба хаагч дээрх академиудад элсэн суралцаад байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хил дамнасан гал түймрийн тоо 15 хувиар багассан ба ой, хээрийн түймрийн тархалт 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь талуудын урьдчилан сэргийлэх ажил хангалттай сайн түвшинд хийгдэж байгаагаас гадна Онцгой байдлын албаны алба хаагчдын мэдлэг чадвар дээшилж байгаатай холбоотой хэмээн хуралдааны үеэр онцолсон байна.
Дээрх комиссын хуралдаанаар 1995 онд байгуулсан үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх цаг болсон гэж хоёр тал үзэн, хоёр талын Засгийн газрын тогтоосон дэг журмын дагуу хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.