Гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна

GJ1A3871.jpg

Олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд даатгалын тогтолцоог нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж ажилладаг. Харин Монгол Улсад гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоо өнөөг хүртэл шинэ ойлголт хэвээр байгаа юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд даатгалын системийг нэвтрүүлэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, гэр орон, эд хөрөнгө, аюулгүй байдлаа эрсдэлээс хамгаалж даатгуулж сурах зайлшгүй шаардлага байна.

Монгол Улсын Шадар сайдын тэргүүлдэг Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн эрсдэлийн даатгалын хэрэгцээ, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт форумыг зохион байгуулж байна. Форумын үйл ажиллагааг нээж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг үг хэллээ.

Тус форумыг зохион байгуулснаар гамшгийн эрсдэлийн механизмын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийн даатгалын систем бүрдүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, гамшгаас хамгаалах хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Уг форумд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа нэгж байгууллага,  Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ, МУЗН, Дэлхийн зөн Монгол ОУБ, Жайка ОУБ, даатгалын компаниуд,  Монголын Даатгагчдын холбоо, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих НӨҮГ, эрдэмтэд зэрэг нийт 70 гаруй төлөөлөл оролцож, Гамшгийн эрсдэлийн даатгалын хэрэгцээ, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар зөвлөлдөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top