Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2015 онд байгуулж, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг дүгнэх, ирэх оныхоо ажлыг төлөвлөх зорилгоор “Гол мөрөн, нуурыг дагасан аялал жуулчлал, иргэдийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшин нар оролцсон юм.
Мөн энэ үеэр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа “Монгол Улсад тохиолдож байгаа усны ослын талаар”, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дотоодын усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны ахлах мэргэжилтэн Т.Олонбаяр “Усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх олон улсын туршлага” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Монгол орны хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, осол жилд дунджаар 3520 гаруй удаа тохиолдож, 200-210 орчим хүн амь насаа алдаж байгаагийн 46 орчим хувийг усны осол эзэлж байгаа юм.
Тухайлбал, мөсөн дээгүүр хууль бус тээвэрлэлт хийснээс иргэд амь нас болон эд хөрөнгөөрөө тохиолдол гарсаар байгаа юм. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2011 онд 13250 литр шатахуун тээвэрлэж явсан “Урал” маркийн хүнд даацын хоёр автомашин Хөвсгөл далайд живж, нэг хүн амь насаа алдаж байсан. Харин 2017 он гарсаар 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Онги” гол, Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Дөрөө” нуур, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр иргэд тээврийн хэрэгсэлтэй зорчсоны улмаас мөс цөмөрч эд хөрөнгөөр хохирсон тохиолдол гарсан.
Хэлэлцүүлэгт ОБЕГ, ЗТХЯ, БОАЖЯ, МХЕГ, ЦЕГ, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллага, Улаанзагалмайн хороо, “Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо” ТББ, Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд дээрх аймгуудын төлөөлөл цахимаар холбогдон усны осолтой холбоотой мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Мөн хэлэлцүүлэгт оролцогч байгууллага бүр гол мөрөн, нуурыг дагасан усны ослын тоог бууруулах чиглэлд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал хүсэлтээ солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.