Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд зорчиж явсан тээврийн хэрэгсэл осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах багийн нутаг “Сүүжийн-Овоо” гэдэг газар цасанд суусан байсныг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалсан билээ.
Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Онцгой байдлын ерөнхий газарт Талархал ирүүлсэн байна.
Талархлын бичигт “Онцгой байдлын алба хаагчид Монгол Улсад аялж байгаад аюулд өртсөн Америкийн Нэгдсэн Улсын иргэдэд тусламж үзүүлсээр байгаад талархал илэрхийлье. Намайг Монголд байх хугацаанд Онцгой байдлын албанаас хоёр ч удаагаа АНУ-ын иргэдийг аюулаас аварлаа.
Саяхан буюу 11 дүгээр сарын 09-ны өдөр АНУ-ын хоёр иргэн Даланзадгад сумын ойролцоо цасан шуурганд өртөн төв замаасаа гарч, цасанд суун 5 цаг орчим гацсан бөгөөд бензин нь дуусах дөхөж, тэндээ хасах градуст шөнийг өнгөрөөх аюултай нүүр тулсан. Манай консулын баг тэдний дуудлагыг хүлээн авмагцаа Онцгой байдлын ерөнхий газраас тусламж хүссэн билээ. Онцгой байдлын ерөнхий газар тэр даруй мэргэжлийн хүрээнд шуурхай арга хэмжээ аван, хоёр аврах баг илгээснээр АНУ-ын иргэдийг 90 минутын дотор олж, амь насыг нь авран хамгааллаа.
Монгол Улсын Онцгой байдлын алба ийнхүү сайн үлгэр дуурайллаар манлайлж байгаа бөгөөд бусад улс орны Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд үлгэр жишээ аваасай хэмээн хүсч байна.
Хүндэтгэсэн, Хэргийг түр хамаарагч Мануэль П.Микаллер, Жр.” гэжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.