Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Мянганбаатарын Лувсанданзан ОХУ-ын Москва хотноо 2017 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, хүрэл медалийн эзэн болсон юм. Тиймээс бид энэ удаагийн “Онцлох зочин” буландаа түүнийг урилаа.
– Юуны өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн болсонд баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас яриагаа эхэлье?
– Баярлалаа. Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах 2017 оны тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож -82,5 кг-ын нээлттэй төрөлд хүрэл медаль хүртлээ. Энэ төрөлд мөнгөн медалийг Казакстаны тамирчин, алтан медалийг ОХУ-ын тамирчин тус тус хүртсэн. Хүрэл медалийн төлөө Азербайджаны тамирчинтай өрсөлдөн 7,5 кг-аар илүү өргөж, ялалт байгуулсан. Тэмцээнд нийт 30 гаруй орны тамирчид оролцож, төрөл тус бүрээр аваргуудаа шалгаруулсан байгаа.
– Таны багш бас энэ тэмцээнээс алтан медалийг эх орондоо авчирсан. Багш, шавь хоёр хэрхэн танилцаж байв ?
– Манай багшийг З.Мөнх-Эрдэнэ гэдэг. Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих газрын дарга, дэд хурандаа цолтой. Тэмцээний -100 кг-ын төрөлд аваргын алтан медалийн эзэн болсон. Анх фитнессээр хичээллэж байхдаа багштайгаа танилцаж байлаа. Өнгөрсөн жил анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож багш маань алт, би өөрөө мөнгөн медаль хүртэж байсан. Багштайгаа хоёулаа дэлхийн аваргын хошой медальтнууд болсондоо маш их баяртай байна даа.
– Монгол тамирчны физиологийн онцлог, ген гадны тамирчдаас яах аргагүй ялгардаг, тийм ээ…
– Азербайджан, Казакстан, Киргизстаны тамирчид голдуу жин ихтэй, том биетэй байдаг. Дээрээс нь гадны тамирчид байнгын бэлтгэл сургуулилттай байдаг гэдгээрээ онцлогтой. Эдэнтэй өөрсдийгөө харьцуулахад, биеийн өндрийн хувьд намхан. Зэрэгцээд зогсоход тэмээ, ямаа хоёр шиг. /инээв/ Хамт гараад ирэхэд үзэгчид шоолж байгаа юм чинь. Гэхдээ ур чадварын хувьд дутах зүйл бараг байдаггүй. Харин ч илүү байдаг.
– Пауэрлифтингийн спортын онцлог, давуу тал нь юу вэ?
– Өмнө нь дугуйн спортоор хичээллэдэг байсан юм. Харин пауэрлифтингээр тав дахь жилдээ хичээллэж байна. Тэмцээнд оролцож байгаад эгэмдээ бэртэл авснаас хойш дугуйн спортоор ахиж хичээллээгүй. Өдөр бүр бэлтгэл сургуулилт хийдэг байсан болохоор бэлтгэлээ үгүйлээд их хэцүү юм билээ. Тэгээд л фитнессээр хичээллэж эхэлсэн. Сайн багшийн удирдлагад зөв системтэйгээр хичээллэвэл пауэрлифтинг монгол хүний бие бялдарт тохирсон спорт гэж хэлмээр байна.
– Урьд нь авч байсан бэртэл сэдрэх аюулгүй юу?
– Үгүй. Харин ч пауэрлифтингээр хичээллэж эхэлснээс хойш нуруу өвдөхөө больсон. Зөв тактикаар хийвэл хүний биед харшлах зүйлгүй. Хамгийн гол нь зөв техник, арга барилыг сурах хэрэгтэй. Энэ спорт хүнийг “дурлуулдаг” спорт л доо /инээв/. Өнөөдөр би 200 кг өргөлөө гэхэд маргааш энэ жингээ илүү нэмэхийн тухай л бодно. Ер нь хүн өөрөө өөрийгөө ялж, тодорхой зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө хичээх, тэмүүлэх гоё шүү дээ. Пауэрлифтингийн спорт олимпийн бус төрөл болохоор дээд хязгаар нь дэлхийн аварга болох. Миний хувьд гэхэд ирэх жилийн дэлхийн аваргын тэмцээнээс аваргын алтан медалийг авахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно гэж өөртөө зорилго тавьсан.
– Манайхан пауэрлифтингийн спортыг хүндийн өргөлттэй андуурдаг. Ингэхэд пауэрлифтинг, хүндийн өргөлт хоёр юугаараа ялгаатай вэ?
– Энэ спорт нь штанктай суулт, цээжний шахалт, газраас таталт, нийлбэр дүнгээр дөрвөн медаль авах боломжтой. Харин хүндийн өргөлтийн спорт нь олимпийн төрөлд багтдаг. Огцом, түлхэлттэй спорт юм. Пауэрлифтингийн спортыг сонирхогчид 16,17 наснаас эхэлж хичээллэх нь тохиромжтой байдаг.
– Онцгой байдлын албанд хэддэх жилдээ ажиллаж байна. Аврагч, тамирчин байх аль, аль нь байнгын бэлтгэл, сургуулилт шаарддаг. Ажлын тань онцлогтой хэр уялддаг вэ?
– Хоёр дахь жилдээ ажиллаж байна. 2011-2015 онд МУБИС-д суралцан, эмчилгээ эрүүл мэндийн багшийн мэргэжил эзэмшсэн. Үүний дараа Хууль сахиулахын их сургуулийн ахлагчийн курст суралцаж, төгсөөд энэ албанд орсон доо. Тамирчин гэлтгүй спортоор хичээллэх нь ажилд маш их нөлөөлдөг. Учир нь бидний ажил бол бусдын амь насыг аврахын тулд минут, секундийг алдах эрхгүй. Ийм асар их хариуцлагатай, нэр хүндтэй үүргийг гүйцэтгэхийн тулд өөрийгөө бие, сэтгэл зүйн хувьд байнга бэлдэх шаардлагатай. Өөртөө итгэлтэй байх, чадвартай, зоригтой байхаас эхлээд бяр тэнхээтэй байх нь ажил үүргээ гүйцэтгэхэд ч, тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргахад ч нөлөөлдөг.
– Танаас хэн нэг нь ажлаа сонгох уу, тамирчны мөрөө хөөх үү гэж асууж байсан уу, ажлын хажуугаар бэлтгэл сургуулилт хийх зав чөлөө гарах уу?
– Өнгөрсөн зун багш маань надаас яг ингэж асуусан. Багш маань ер нь энэ нөхрөөс тулгаад асууя гэж бодоод явсан юм шиг байна лээ. Би огтхон эргэлзэлгүй, ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан. Түймэр ихтэй үед бол бэлтгэл сургуулилт хийнэ гэж байхгүй. Бэлтгэл тэр чигтээ хаягддаг. Бэлтгэл хийхгүй болохоор булчин өөрийгөө идэж, жин их алддаг. Хэлсэн үгэндээ эзэн болж, тодорхой амжилт гаргаж яваадаа баяртай байгаа. Ер нь би аливаа зүйлийг эхэлсэн бол эцсийг нь үзэхийг л хичээдэг.
– Тэмцээнд явахаас өмнө бэлтгэлээ хангаж амжсан уу?
– Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоосоо өмнө гурван удаагийн бэлтгэл хийгээд битүү шахалтын улсын аваргын тэмцээнд оролцож 82,5 кг жинд түрүүлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан гэсэн үг. Ажлаа хийгээд бэлтгэлээ хийнэ гэдэг мэдээж хэцүү. Ажлын хамт олон маань энэ бүхнийг ойлгож, их дэмждэг. Тэмцээнд явахын өмнө хурандаа Т.Энхбаатар дарга маань хоёр сарын цалинтай чөлөө олгосон. Энэ хугацаанд бэлтгэлээ хангасан даа.
– Ялалт байгуулаад медалийн тавцанд зогсох агшин, галаа “дарчихаад” буцах хоёр мэдрэмжийн хувьд адил биз ?
– Сонирхолтой асуулт байна. Адилхан шүү. Аврах, гал унтраах ажиллагааны дараа улаан машиндаа суугаад, алдаа оноогоо ярилцаж, бүгдээрээ инээлдээд буцаж явах хамгийн сайхан. Аврагч хүн бүр ингэж л хариулна. Тамирчин хүний хувьд мөн л адилхан. Медалийн төлөө өрсөлдөгчөө ялчихаад медалийн тавцанд зогсох бас л гоё мэдрэмж. Цаанаасаа л бахархалтай. Ажил маань бусдаас урам зориг хайрласан сэтгэлийн сайхан үгийг сонсоно. Спортдоо амжилт гаргавал эх орныхоо нэрийг гаргаж, ард олныхоо хүндэтгэлийг хүлээдэг гээд адилхан зүйлүүд олон. Нөгөө талаар алба маань залууст зөв төлөвшил, хүмүүжил олгодог юм болов уу. Бусдыг хүндэлж сурдаг, урдах ажлаа чин сэтгэлээсээ хийхийг зорьж ажилладаг. Спорт мөн адил хүнд бие бялдрын хувьд ч, хувь хүний төлөвшил талаасаа ч асар их нөлөөлдөг гэж боддог. Миний хувьд аль болох өөрийгөө хөгжүүлж, бусдаас суралцах дуртай. Хүн хөгжих тусмаа хүмүүжиж, хүнтэй танилцах бүртээ суралцаж, өөрчлөгддөг гэж боддог.
– Аврагч, тамирчин хүний ард талд гэр бүлийнхэн нь хамт байдаг. Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
– Багаасаа спортоор хичээллэсэн болохоор аав, ээж минь зорилгодоо хүр л гэж захидаг. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Тэмцээнд явахын өмнө хүүтэй болсон.
– Өө тийм үү, баяр хүргэе. Гэр бүлд нь аз жаргал хүсч, цаашдын ажил болоод спортод тань өндөр амжилтыг хүсье. Дэлхийн аварга болоод эргээд ярилцахын ерөөл талбия?
– Баярлалаа. Ерөөлийг бат оршуулахын тулд хичээх болно оо. Намайг дэмжиж, ойлгодог гэр бүлийнхэндээ болон Онцгой байдлын байгууллагын удирдлагууд, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын хамт олондоо үнэхээр их баярлалаа. Та бүхний амьдралд аз жаргал, ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
“Онцгой мэдээ” сонин