Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор,  Завхан голын эх, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул голын сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн зүүн хагаст, 14,15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 13:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 13:26 цагт очиж, 7 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 14:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:48 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 15:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:36 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 22:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22:24 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн  “Хадан хушуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн У /40 настай, эрэгтэй/ 12.11-ний өдрийн 21:45 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, ар гэрийн 15 хүн, нийт 34 хүн, 8 автомашинтай 12.12-ны өдрийн 01:20 цагт эрлийн ажиллагааг зохион байгуулсан. 07:25 цагт тус сумын Цагаан овооны энгэр гэдэг газар /гэрээсээ баруун урд зүгт 8 км-т/-аас эсэн мэнд олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ 11.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг 12.01-ний өдрийн 09:40 цагт олсон. 12.11-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагч, ар гэр, орон нутгийн 13 хүн, нийт 28 хүн, 8 автомашинтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top