Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 17-18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ний өдрийн 00:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 01:03 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн О /38 настай, эрэгтэй/ нас барсныг цагдаагийн байгууллагад, иргэн Б /35 настай эрэгтэй/ хөнгөн түлэгдсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 23:30 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 23:46 цагт очиж, 40 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн Б / 61 настай, эрэгтэй/ угаартаж ухаан алдсан байсныг аварч, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top