Онцгой байдлын сургуулийн 2017 оны онцлох үйл явдал

2-1.jpg

   Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургууль 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаас оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна. 

  Зочин профессороор уригдав

Хууль сахиулахын их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангшин их сургууль хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн ахлах багш, ахлах дэслэгч Ж.Серикжан Чангшин их сургуульд зочин профессороор ажиллах урилга хүлээн аваад 2017 оны 04 дүгээр сараас 4 жилийн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ нь Хууль сахиулахын их сургуулийн түүхэнд гадаадын их, дээд сургуулиудад уригдан ажиллаж байгаа анхны тохиолдол боллоо.

ОБЕГ-ын дарга их сургуульд айлчлав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүдийн хамт Хууль сахиулахын их сургуульд зочилж Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь ОБЕГ-ын удирдлага өргөн бүрэлдэхүүнээр айлчилж байгаа анхны тохиолдол болсон юм. Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр болон захирлын зөвлөлийн гишүүдтэй албан уулзалт зохион байгуулсан бөгөөд сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар, орчин нөхцлийг сайжруулах тал дээр тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

Онцгой байдлын сургуулийн 6512 дугаар дамжааны суралцагч, спортын мастер ахлах ахлагч О.Мөнхтунгалаг, Я.Энхбаяр нар Бүгд Найрамдах Турк Улсын Измирь хотод 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Байлдааны тархалт”-ын төрөлд 27.08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэв.

Олон улсын экологийн чуулганд оролцов

Оросын Холбооны Буриад Улсын Дорнод Сибирийн удирдлага, технологийн их сургуулиас зохион байгуулсан Олон улсын оюутны “Экологийн чуулган – 2017”-д 632 дугаар дамжааны сонсогч Г.Бямбасамбуу, 621 дүгээр дамжааны сонсогч Б.Хулан нар илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцож 2 болон 3 дугаар байр эзэллээ.

Сургалт, дадлага явуулах тусгай зориулалтын автомашинтай болов

Бүгд Найрамдах Солонгос Улсын Галын холбооноос Онцгой байдлын сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 3 нэгж тусгай зориулалтын автомашиныг хандивласан юм. Үүнд Гамшгийн үеийн хөдөлгөөнт удирдлагын автомашин (County автобус), Гал унтраах үндсэн албаны автомашин (3 тонн), Түргэн тусламжийн автомашин (Hyundai Starex) зэрэг багтаж байна. Эдгээр автомашинуудыг хүлээн авснаар Онцгой байдлын сургууль болон Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч клиник сургалт зохион байгуулах нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Таван жилийн эчнээ хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Онцгой байдлын албаны алба хаагчдад сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй байлгах зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд “Онцгой байдал – гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрөөр бакалаврын зэрэг олгох 5 жилийн эчнээ сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Энэ сургалт нь Онцгой байдлын албанд ажиллаж байгаа дунд боловсролтой албан хаагчдад зориулагдсан бөгөөд энэ хичээлийн жилд анхны 27 албан хаагч элсэн суралцаж байна.

Ашигтай загварын гэрчилгээ авлаа

Онцгой байдлын сургуульд хөрс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнд агрохими, биохимийн задлан шинжилгээ хийх зорилгоор “Хөрс – биохими”-ийн лабораторийг байгуулан үйл ажиллагааг нь явуулж байна. Лабораторийн судалгаа шинжилгээний ажлын эхний үр дүн гарч “Цайвар хүрэн хөрсний азотын агууламжийг тодорхойлох арга”-ыг боловсруулан ашигтай загвараар батлуулж №2739 дугаартайгаар улсын бүртгэлд бүртгүүлэв.

ХСИС-ийн оны судлаачаар шалгарав

Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа, доктор /Ph.D/, Х.Мягмаржав 2017 онд хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан Хууль сахиулахын их сургуулийн дэд профессор цол болон “Тэргүүний судлаач” шагналаар шагнагдав. Х.Мягмаржав нь гадаад улсад зохион байгуулагдсан ОУ-ын Эрдэм шинжилгээний хуралд 1 илтгэл, гадны сэтгүүлд 7 нийтлэл, дотоодын ЭШХ-д 4 илтгэл, дотоодын сэтгүүлд 3 нийтлэл бичиж хэвлүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цаг үеийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь орчны бохирдлыг бууруулах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах төв, орон нутгийн төрийн байгууллага болон мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах замаар эрдэмтэн судлаачдын шинэлэг санаа, түүнээс гарах үр дүнг авч хэрэгжүүлэхэд  чиглэгдсэн юм.

    Сургалт, дадлагын талбай байгууллаа

Хууль сахиулахын их сургуулийн байрлалд сургалтын бичил орчин байгуулах ажлын хүрээнд Онцгой байдлын сургуулиас Сургалт, дадлагын талбайг шинээр бүтээн байгууллаа. Сургалт, дадлагын талбайд сургалтын цамхаг, гүүр, самбар, цорго болон 80 метрийн гүйлтийн замыг шинээр хийж байрлуулсан юм.

 

 

О

 

 

 

 

 

 

 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ

scroll to top