Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 27, 28-нд өдөртөө хүйтний эрч сулрах боловч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын “Ховд дулааны станц” ТӨХК-ийн түлш дамжуулах цехийн нүүрс зөөвөрлөх туузан дамжуурга /конвейр/ шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 09:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10:03 цагт очиж, 1 цаг 52 минут, нэмэлтээр 45 алба хаагч, 3 автомашинтай 10:32 цагт очиж 1 цаг 23 минут тус тус ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:37 цагт очиж, 18 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 12:36 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:45 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 21:38 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Дунд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 10:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 10:35 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, “Гүн-Овоо” гэдэг газар /дүүргийн төвөөс баруун зүгт 18 км-т/ иргэн Г-гийн эзэмшлийн 13-00 СҮЭ улсын дугаартай “Норд бенз” загварын 4 зорчигчтой ачааны автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 09:51 цагт очиж, иргэн Г /37 настай, эрэгтэй/, О /35 настай, эрэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн “Цайдам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 31 км-т/, /Ө-45002’00’’, У-105087’00’’/ 12.26-ны өдрийн 01:41 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 12.26-ны өдрийн 02:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга, сумын ЗДТГ-ын дарга, тус газар нутаглаж буй малчин нараас утсаар тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ 12.05-ны өдрийн 22 цагийн үед /согтуу/ гараад явсан сураггүй байна гэсэн мэдээллийг 12.24-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн 3 алба хаагч, ар гэр, орон нутгийн 14 хүн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр “Хийдийн даваа”, “Сэлэнгийн арал” гэдэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top