Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар цас орж, явган шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2,3-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Булган сумын Ачуут багийн Хийдийн задгайд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 4 км-т/ хураалттай өвс, мод шатаж байна гэсэн дуудлагийг 12.29-ний өдрийн 13:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 14:07 цагт  очиж, 38 минут ажиллаж унтраасан.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 07:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 07:45 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байранд эд хогшил, 4-6 давхарын гадна дулаалгын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 16:06 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, 3 автомашинтай 16:15 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22:21 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн “Самбартай хөтөл” гэдэг газар иргэн С-ийн эзэмшлийн 27-38 УВА улсын дугаартай “Марк-2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20:35 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол: 

Автозамын осол: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугар” гэдэг газар /Багануур дүүргийн төвөөс зүүн зүгт 21 км-т/ Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн А0501 дугаартай автозам дээр иргэн М-ийн эзэмшлийн 58-18 УБЧ улсын дугаартай “Соната-3” загварын, иргэн Х-гийн эзэмшлийн 68-87 УНР улсын дугаартай “Соната-6” загварын нийт 9 зорчигчтой суудлын автомашинууд хоорондоо мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.29-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11:00 цагт очиж, 01 цаг ажиллаж, иргэн М /50 настай, эрэгтэй/, С /48 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Хүнд, хөнгөн гэмтсэн 18-50 насны 7 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хуран” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ иргэн Б-гийн эзэмшлийн 54-75 СҮА улсын дугаартай “Ланд круйзер-200” загварын 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.29-ний өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 22:20 цагт очиж, 30 минут ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Баруун бумбат” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт  25-40 км-т/ буяны ажилд оролцож байсан нийт 31 зорчигчтой, 7 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.29-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, 1 автомашинтай 14:10 цагт очиж, 4 цаг ажиллаж, автомашинуудыг цаснаас татан гаргасан.

                                                    ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top