Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус,  Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус,  говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 15-нд зарим газраар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор болон  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн “Доод модот булан” гэдэг газар /Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ “Ашихай” ХХК-ийн 10*10 метрийн хэмжээтэй, 2 давхар, дүнзэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 20:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай, 05 цаг, тус тосгоны 18 иргэн, 3 техник хэрэгсэлтэй 08 цаг тус тус ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд “Анар өгөөж” ХХК-ийн “Зоос” хүнсний дэлгүүрийн галлагааны өрөөний тааз шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17:54 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 25 айлын орон сууцанд эд хогшил, цонхны хүрээ шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 01:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр  ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:18 цагт очиж, 01 цаг ажиллаж, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 35 минут тус тус ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 41 том хүн, 19 хүүхэд нийт 60 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:49 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 16:22 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16:25 цагт очиж, 01 цаг 10 минут, нэмэлтээр мөн ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай очиж 25 минут тус тус ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин, граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 00:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:01 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Давст гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 175 км-т, Манхан сумын төвөөс урд зүгт 90 км-т/ “Хагын нуур”-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан 61-83 ХОА улсын дугаартай “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 2018.01.09-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагдаагийн газрын 6 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 03 цаг 35 минут ажиллаж,  нуурын эргээс 80 метрийн зайд, 3.6 метрийн гүнд автомашинтайгаа осолдсон иргэн А /60 настай, эрэгтэй/-н цогцсыг 01.10-ны өдрийн 11:40 цагт, иргэн Б /36 настай, эрэгтэй/-н цогцсыг 11:46 цагт, автомашиныг 13:35 цагт, хорогдсон 35 ишгийг тус тус нуурын уснаас гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Сэрнэнгийн тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ иргэн А-гийн эзэмшлийн 22-57 УНИ улсын дугаартай “Пулсар” загварын суудлын автомашин “Орхон” голын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, голын усанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 17:06 цагт очиж, 08 минут ажиллаж, автомашиныг татан гаргасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд иргэн Ц-гийн хашааг иргэн Х-гийн эзэмшлийн 96-54 УНТ улсын дугаартай “Прусс-20” загварын суудлын автомашин мөргөж, байшин барихаар ухсан нүхэнд унах гээд байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 02:27 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 02:47 цагт очиж, 10 минут ажиллаж, автомашиныг татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top