Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 22-27 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 35-40 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд мужааны цех, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 11:47 цагт хүлээн авч тус Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 18 алба хаагч 11:54 цагт очиж, 03 цаг ажиллаж, унтраасан. Нэмэлтээр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, нийт 24 алба хаагч, 6 автомашин ажилласан.

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 13:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал  түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 13:09 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 22:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 22:27 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Нүдэн багийн “Шонтгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 8 км-т/, /Ө-43080’00, У-110044’00/ 01.18-ны өдрийн 13:39 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 01.19-ний өдрийн 14:47 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын даргатай утсаар холбогдож тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй гэж мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ 01.14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон тухай дуудлагыг 01.14-ний өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, цагдаагийн хэлтсийн 8 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 64 хүн, 7 автомашинтай 01.14-ний өдрөөс 01.19-ний өдрийг хүртэл 5 хоногийн хугацаанд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийхэнтэй нь зөвшилцсөнөөр эрлийн ажиллагааг зогсоосон.

Бусад: Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн ’’Цахиуртын хоолой’’ гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км-т/ Мянгад сумаас Чандмань сумын чиглэлд зорчиж явсан тус аймгийн харъяат иргэн Б-гийн эзэмшлийн 76-01 ХОҮ улсын дугаартай ’’Королла’’ загварын суудлын автомашин ’’Цахиуртын хоолой’’ нуурын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 17:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21:36 цагт очиж, 39 минут ажиллаж автомашиныг татан гаргаж,  иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top