Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нар аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Тус газрын хамт олон 2017 онд аймгийн хэмжээнд 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж 18 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 228,8 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн 2017 онд өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг дэмжих, албаны спортыг хөгжүүлэх зорилгоор улс, бүсийн хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулах хүчин чадал бүхий спорт заалыг барьж ашиглалтад оруулсан. Мөн 25 айлын орон сууцыг ашиглалтад оруулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан юм. Мөн Баянхонгор аймгийн 2017 оны “Бахархалт үйлстэн”-ээр шалгарсан төдийгүй Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудаас ажил, үйлсээрээ долдугаар байрт орсон.
Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Мөнхбаатар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд газрын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Бие бүрэлдэхүүний 50 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг, аймаг, орон нутгийн дэмжлэгээр энэ онд 10 гаруй алба хаагчийн орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн өнгөрсөн онд аймаг, орон нутгаас 16 хаагчид тус бүр гурван сая төгрөгийг олгож орон сууцны зээлэнд нь дэмжлэг үзүүлжээ. Онцгой байдлын байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд аймаг бүрт Шуурхай удирдлагын төвүүдийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд уг төвийг байгуулах зардал, төсвийг орон нутгийн төсөвт суулган шийдвэрлүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал оны эхэнд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын дарга нарт өгч байсан. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хувьд Шуурхай удирдлагын төв байгуулах 18 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгуулсан байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагуудын дэмжлэгийг авч, тодорхой хөрөнгө, зардлыг шийдвэрлүүлж, алба хаагчид өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан орон сууц, спорт заалыг барьж ашиглалтад оруулсан тус газрын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Алслагдсан сумдад гамшгаас хамгаалах үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах анги, Баянговь суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулах, галын шинэ депо барих саналыг дэмжиж зардлыг ирэх оны төсөвт суулгахад анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.