Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, тус аймагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдууллаа.
Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулсан.
Тус аймаг нь 13 сум 90 багтай. 2018 он гарсаар 3719 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Өнөөдрийн байдлаар 3,514,470 толгой мал (хонин толгой) өвөлжиж байна.
2018 оны эхэнд 9256 малчин өрх, 15330 малтай өрх, 2,226,149 толгой мал тоологдсон. 24,586 өрх мал аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг, нийт 3.5 сая га бэлчээрийн талбайтай.
2017 оны 7 дугаар сард гангийн үнэлгээг хийхэд аймгийн нийт нутгийн 16.7% гантай, 58.3% гандуу, 25 % хэвийн байсан байна.
Хүйтний эрч -300-420 С хүрч ихэнх өвөлжиж байгаа хот айлын мал бэлчээрийн хомсдолд орж, уулархаг газарт байгаа малыг нам дор газарт буулган, төл мал болон тарга тэвээрэг муутай малыг байран тэжээлд оруулж эхлээд байгааг танилцууллаа.
Толбо, Алтай, Буянт, Бугат, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Дэлүүн, Баяннуур, Алтанцөгц сумд, Өлгий сумын 7-р баг “Хотгор”, Цагааннуур тосгоны малчдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй, Булган, Ногооннуур сумдын өвөлжилт хэвийн байгаа аж.
2018 оны 1 дүгээр сарын байдлаар тус аймгийн Булган сумаас Ховд аймгийн Дуут суманд 14,400, Мөнххайрхан суманд 35,000, нийт 49,400 толгой мал, Ногооннуур сумаас Увс аймгийн Бөхмөрөн суманд 6000 толгой мал, бүгд 55,400 толгой малыг өөр аймгийн нутагт отроор өвөлжүүлж байна.
Цасны зузаан Сагсай сумын Даян багийн “Харчулуут” болон “Харнуур”-ын орчим цас хунгарласан газарт 35-40 см хүрсэн ба цасны дундаж зузаан 25-30см цасны нягт 0,26г/см3, агаарын температур олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэн.
Булган сумын уулархаг нутгаар болон бусад сумын нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон ба цасны дундаж зузаан сумдын төвөөр 0-3 см, хунгарласан газраа 15-30 см цасны нягт Даянд 0,26г/см3, Алтай сумд 0,10г/см3 байна.
Уулархаг газарт 30-40 см хүртэл цас орж ан амьтны бэлчээрлэлт хүндэрч улаан номонд орсон аргаль, янгир, халиун буга зэрэг амьтад уулнаас бууж, малтай хамт бэлчиж идээшлэх байдал ажиглагдаж байна. 2018.01.25-ны өдрийн байдлаар Булган сумын нутагт буга 1, янгир 4 хорогдож тус сумын байгаль хамгаалагч 1 янгирийг гардан тэжээж байна.
Толбо сумын “Борт” уулнаас 2 янгир, Ногооннуур сумын “Дэвлийн арал”-аас 1 зэрлэг гахай, Бугат сумаас 2 аргал, Алтай сумаас 4 аргаль тус тус хорогдсон мэдээтэй байна.
Тус аймгийн Толбо сумын Бураатын даваа, Бугат сумын Зээгтийн даваа, Булган сумын Улаагчины даваа, Сагсай сумын Хар нуурын даваа зэрэг газруудад өвөлдөө зам хаагддаг тул дээрх газруудад авто зам засварын “Жол” ХХК, “Акпарат” ХХК-ууд байнгын бүлэг гарган ажиллуулж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 01 дүгээр сард ажлын хэсгүүд сумдад ажилласан, аймгийн аюулгүйн нөөцөд 2016-2017 онд боодлыг нь 4300 төгрөгөөр бүрдүүлсэн 157 тн өвсийг 3500 төгрөгөөр, 16 тн тэжээлийн үнийг 35 хувиар хямдруулан дээрх сумдад олгохоор шийдвэрлэн хуваарийн дагуу борлуулж байгаа юм байна.
Засгийн газрын шийдвэрээр тус аймагт байрлах Улсын нөөцийн цэгүүдээс 450 тн өвсийг үнэгүй, 400 тн тэжээлийг хямдруулсан үнээр малчдад батлагдсан хуваарийн дагуу олгож байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 227 тн тэжээл, 139,4 тн өвсийг 2 дугаар сарын эхний 10 хоногт багтаан бүрдүүлж өвс тэжээл шаардлагатай байгаа сумдад хуваарилан олгох талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан танилцууллаа.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт хандан ан амьтдын өвөлжилттэй холбоотой Ногооннуур сумын “Бахлаг”, Улаанхус сумын “Баян уул”, Толбо сумын “Сайр”, “Борт”, Ногооннуур сумын “Ямаат”, Улаанхус сумын “Их ойгор”, “Усай живэт”, Цэнгэл сумын “Бор бургасан”, “Мухар”, Алтай сумын “Шар говь” гэх газруудад биотехникийн арга хэмжээ авах тул шаардлагатай 6.0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх саналыг тавьлаа.Мөн Онцгой байдлын газрын шуурхай албаны фургон автомашины эдэлгээний хугацаа дуусч, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа тул шуурхай албаны автомашин, Улаанхус, Толбо сумдыг түргэн тусламжийн машинтай болгох, Алтанцөгц, Бугат сумдад цаг уурын өртөө, харуул шинээр байгуулах шаардлагатай байгаа талаар танилцуулсан.
Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр, Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, орон нутаг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 2.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсан байгаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгаж ажиллах ёстойг аймгийн удирдлагуудад анхааруулж хэллээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор тус аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 800 тн өвс бэлтгэхээс 509,8 тн буюу 63,7 хувийг, 295 тн тэжээл бэлтгэхээс 39,5 тн буюу 13,4 хувийг л бэлтгэсэн байна. Өвс тэжээлээ маш хангалтгүй бэлтгэсэн байна. Нийт тэжээлийнхээ 94 хувийг Засгийн газраас авч байна. Аюулгүйн нөөц бүрдүүлэх төсөв буюу 136 сая төгрөгийг төсөвт тусгасан байгаа, гэтэл энэ мөнгөөр одоог хүртэл тендер зарлаагүй, тэжээл, өвсөө гүйцэт бүрдүүлээгүй байна. Ийм асуудлыг болих хэрэгтэй гэдгийг ч хатуу анхааруулав.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, хил залгаа аймаг, сумдад гарч буй малын гоц халдварт шүлхий өвчний голомттой байна. Гоц халдварт өвчний тархалт ахуйн болон бусад хэлбэрээр, тээврийн хэрэгслээр халдварлах эрсдэлтэй. Шүлхий, мялзан зэрэг малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөн, зэрлэг амьтдын тандалтыг сайтар хийх, хяналт тавих шаардлагатай байгааг хэллээ.Засгийн газрын тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан 8000 тн өвсийг үнэгүйгээр, 6500 тн малын тэжээлийн үнийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр аймаг, орон нутагт хуваарилахаар болсон. Энэ тогтоолын дагуу Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 450 тонн өвсийг үнэгүйгээр, 400 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.