Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 7-12 градус,  бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд нутгийн төв хэсгээр, 02 дугаар сарын 01-нд зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31-нд зарим газраар, 2 дугаар сарын 1-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 33-38 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд хүүхдийн цэцэрлэгийн 10х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 03:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашинтайгаар 03:30 цагт хүрэлцэн очиж, 5 цаг 15 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт хүүхдийн цэцэрлэгийн 20х8 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 01:40 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашинтайгаар 03:10 цагт хүрэлцэн очиж, 06 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, “БДИ-Оюу” ХХК-ийн үйлдвэрийн байранд хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 23:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 23:52 цагт хүрэлцэн очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчдын багт өвөлжөө, 10 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 04:20 цагт хүрэлцэн очиж, 37 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвөөс Улиастай сумын чиглэлд “Приус-20” загварын автомашинтай Улаанбаатар хотын харьяат иргэн Б /22 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нар 01.28-ны өдрийн 15:00 цагийн орчим яваад сураггүй байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 4 иргэн, 1 автомашинтай, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top