Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар  баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, явган шуурга шуурна. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 01-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1,2,3-нд говь тал хээрийн нутгаар  14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын зүүн талд түргэн үйлчилгээний цэгт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 08:14  цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 08:23 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:51 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 03:36  цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 03:44 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нас, хүйс, оршин суух хаяг тодорхойгүй 2 иргэн өртөж, нас барсан байсныг цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн “Хадат” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ тус багийн харьяат иргэн Ц /44 настай, эмэгтэй/ 01.28-ны өдрийн 00:20 цагт сумын төвөөс гэрлүүгээ яваад  сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.28-ны өдрийн  20:29 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 27 иргэн, 5 автомашинтай 01.28-ны өдрийн 18:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн зохион байгуулж,  01.30-ны өдрийн 10:15 цагт тус багийн “Нүгнэт” гэдэг газраас /сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т/ осгож нас барсан байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвөөс Улиастай сумын чиглэлд “Приус-20” загварын автомашинтай Улаанбаатар хотын харьяат иргэн Б /22 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нар 01.28-ны өдрийн 15:00 цагийн орчим яваад сураггүй байна гэсэн дуудлагыг 01.29-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Алдархаан сумын Аргалант багийн “Зүүн цахир” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ автомашин нь эвдэрч, малчин Б-гийнд эсэн мэнд очсон байсныг олж, тухайн иргэдийг Улиастай суманд хүргэсэн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Барилга мегастор” худалдааны төвийн зүүн талд дулааны шугамын худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 20:04  цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20:26 цагт очиж, иргэн Б /39 настай, эрэгтэй, орон гэргүй, тэнэмэл/ нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top