Рашаант, Гурванбулаг суманд гарсан шүлхий өвчний тухай мэдээллийг сонслоо

27583481_1913565608672298_954561233_n.jpg

Булган аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлаар (2018.02.01) Рашаант, Гурванбулаг суманд гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын мэдээллийг ХХААГ-ын дарга Ч.Амгалан танилцууллаа.

Рашаант сумын “Хар чулуут” 2 дугаар багт 2018 оны 01 дүгээр сарын 11-нд  нийт 10 үхэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, сумын Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм байна. Шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн үхрүүдээс дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь тогтоогдсон байна.

Тандалт судалгаа хийсний үндсэн дээр Рашаант сумын төвийг голомтын бүс, Рашаант сумын нутгийн хилийн дагуу нь сэжигтэй бүс, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдын Рашаант сумтай хил залгаа хэсгийг хамгаалалтын бүсээр тогтоож, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Тус сумын  төвд  505  өрх  айлын 1608 хүн ам,  хөдөөгийн  2 багт 495  өрхийн 1607 хүн ам оршин суудаг. Нийт 155056 толгой малтай. Үүнээс: тэмээ 296, адуу 10134, үхэр 6156, хонь 84941, ямаа 53529 байна. Голомтын бүсэд  жирэмсэн эх 15, хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн, 3 нярай байгаа мэдээллийг аймгийн ХХААГ-ын дарга танилцуулсан.

Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан, Рашаант сумтай хил залгаа аймаг, сумдын удирдлагуудад малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, отор нүүдлийг зогсоох, зээрийн сүргийн нүүдэлд ажиглалт хийх талаар хяналтын цэг гарган ажиллуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.

Мал эмнэлэг, ариун цэвэр, халдваргүйтгэлийн журмын дагуу, шүлхий өвчний шинж илэрсэн 31 өрхийн 416 малыг устгалд оруулж, 141 өрхийн 19016 м2 малын хашаа, саравч, 5 худаг, 2 шатахуун түгээх станц, 1 халуун усны газар, 300000 м2 зам, талбайг ариутгасан байна.

Рашаант суманд  аймгийн Хүнс хөдөө аж ахуй, Онцгой байдал, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас нийт давхардсан тоогоор 197 хүн, 9 техник ажиллаж байгаа бөгөөд голомтын хорио цээрийн бүсийг тойруулан  хяналтын пост, ариутгалын цэгүүдийг ажиллуулж байгаа юм байна.

Харин Гурванбулаг суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хувьд  Хулст баг /сумын төв/ -ийн зүүн талд малчин Б-гийн нэг үхэр 2018 оны 01 дүгээр сарын 23-нд үхсэнээс дээж авч шинжилгээгээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамж гарч хоёр сумын төвийг хорио цээрийн дэглэмд шилжүүлээд байна.

Сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/20 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан.

Мөн  2018 оны 01 дүгээр сарын 29-нд Гурванбулаг сумын Авзага багийн Хараатын баруун талд малчин М-ийн нэг үхэрт шүлхий өвчний сэжиг илэрсэн байна. УМЭАЦТЛ-т дээж хүргүүлсэн, одоогоор оношлогдоогүй байгаа юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

 

scroll to top