Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Увс нуурын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 4, 6-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 14:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14:05 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 21:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21:41 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшингийн дээвэр, граж, “Старекс” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 23:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 23:46 цагт очиж 2 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд иргэн Ц-гийн эзэмшлийн “ТҮЦ” шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 01:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 01:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 02:37 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 02:52 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 02:56 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт иргэн Б-гийнд 2017.12.05-ны өдөр Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/ мөн өдрийн 22:00 цагийн үед /согтуу/ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.12.24-ний өдрийн 08:00 цагт /08:05 цагт/ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, тус аймаг дахь Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 14 хүн, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр 12 дугаар сарын 25-ны өдөр түр зогсоосон. Дахин эрэн хайх хүсэлтийг 01.30-ны өдрийн 14:00 цагт /01.31-ний өдрийн 10:00 цагт/ ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрээс нь 4 хүн, 1 автомашин, орон нутгийн 5 хүн, нийт 15 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг 01.31-ний өдрөөс эхлэн зохион байгуулж 02.01-ний өдрийн байдлаар тус сумын Ингэт багийн “Цурхайт” гэдэг газраас “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон.

Бусад: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Авиатын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ тус аймгийн Хужирт сумын төвөөс Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан  6 зорчигчтой “Ланд крузер-77“ загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.02-ны өдрийн 01:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 03:05 цагт очиж 2 цаг ажиллаж цасанд суусан автомашиныг 05:00 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top