Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халхын голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас, 8, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,10-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с, 8, 9-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө хүйтний эрч сулрах боловч 8-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 12:01 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:10 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17:34 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багт 7х12 хэмжээтэй хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 02:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч,1 автомашинтай 04:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 04:48 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг, химийн бодисын осол:

Химийн бодисын осол: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт зочид буудлын өрөөнд бага хэмжээний мөнгөн ус алдагдсан тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 18:45 цагт очиж 1 цаг ажиллаж 2-3 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top