“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн оныхоо ажил үйлсийг дүгнэж, аймгийн шилдэг байгууллага, хамт олныг шалгарууллаа.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажилласан Онцгой байдлын газар нь Увс аймгийн 2017 оны “Төрийн захиргааны тэргүүний” байгууллагаар шалгарсан байна.
Онцгой байдлын газар нь Баруунтуруун суманд Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийг шинээр байгуулахын зэрэгцээ 8 автомашины гражийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулжээ. Мөн алба хаагчдын санаачлагаар байгууллагын гадна хашааг блокоор солих, ая тухтай орчинг бүрдүүлэхээр сургалтын танхим, цэргийн байр, гал тогооны өрөөг бүрэн засварлаж, гадна орчинд ногоон байгууламж бий болгосон зэрэг бүтээн байгуулалтын шинэлэг ажлуудыг 13.7 сая төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэсэн юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.