Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт бага зэргийн цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 3-8 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд баруун болон төвийн  аймгуудын нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 13:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн  7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 13:38 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б /2 настай, эмэгтэй/, С /4 настай, эмэгтэй/ нар угаартсан байсныг гаргаж, эмнэлгийн  байгууллагад хүлээлгэн өгсөн. 2 хүүхэд эмнэлэгт очоод нас барсан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн “Сайжрах” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т/ Даланзадгад хотоос Баяндалай сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Тоёота марк-2” загварын суудлын автомашин хатуу хучилттай автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож,  автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2018.02.24-ний өдрийн 08:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 09:07 цагт хүрэлцэн очиж, эд ангид хавчуулагдаж гэмтсэн иргэн С /24 настай, эрэгтэй/, О /21 настай, эмэгтэй/, Ш /18 настай, эрэгтэй/ нарыг гаргаж эмнэлгийн байгууллагад, нас барсан Ш /20 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Давсан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т/ Өндөрхаанаас Баруун-Уртын чиглэлд зорчиж явсан 6 зорчигчтой “Ниссан Ванита” загварын суудлын машин онхолдож автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 18:40 цагт хүрэлцэн очиж, 2 цаг 20 минут ажиллаж, гэмтэж бэртсэн 5 хүнийг эмнэлэгийн байгууллагад, нас барсан У /48 настай, эмэгтэй/-ын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Мон Кет” ХХК-ийн хашаанд бага насны хүүхдийн хөл өрөмдлөгийн ухсан нүхэнд гацсан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 13:33 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 10.5 км зам туулан 13:50 цагт хүрэлцэн очиж, 8 минут ажиллаж Б /5 настай, эрэгтэй/-ийн баруун хөлний шагайн хэсэг гацсан байсныг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top