Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, бага зэрэг шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгийн  хөндийгөөр 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3 дугаар сарын 1-нд Алтай, Хангайн уулсаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 3 дугаар сарын 2, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15  градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 11:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 12:06 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 13:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 13:26 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хуст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 18:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 18:23 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Ховд аймгийн Зэрэг сумын Буриа багийн “Дэлийн булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 7 км-т, Ө 47000/0.5//, У 92084/00/// 2018.02.27-ны өдрийн 10:00 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 02.27-ны өдрийн 10:22 цагт утсаар мэдээлсэн. Тус сумын Засаг даргын орлогчоос мэдээллийг 02.27-ны өдрийн 10:44, 13:58 цагуудад тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй”  тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 10:33 цагт очиж, 10 минут ажиллаж, иргэн Г /64 настай, эрэгтэй, тэнэмэл/-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top