Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Д.Батжаргал нар Булган аймгийн удирдлагуудтай малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурал хийлээ.
Хурлаар тус аймгийн зарим сумдад гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн.
Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо.
Түүнчлэн өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдрөөс эхлэн тус аймагт ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.