Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв: 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-8-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 13:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 13:26 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд хашаанд 150 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 22:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 22:47 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн “Холбоо нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 75 км-т, Ө-50084/00//, У-98031/00/// 03.03-ны өдрийн 13:41 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 03.03-ны өдрийн 14:03 цагт, цахим шуудангаар 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөлөгчөөс 15:00 цагт тодруулахад “Тухайн газар нутагт хүн амьдрардаггүй, чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цасанд суусан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Хар толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ иргэн Б-гийн эзэмшлийн “Стана” загварын автомашин 17 зорчигчтой цасанд сууж автомашин түлшгүй  болсон тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч тус сум дахь Гал  түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 15:00 цагт очиж, автомашиныг цаснаас татан гаргаж, нийт 17 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугамын худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 23:49 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 00:01 цагт очиж, дулааны худагт /нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй/ эмэгтэй хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top