Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь,Сүрбаатар аймгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 8, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хүүхэд харах төвийн барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км замыг туулан 09:30 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Дөтлүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ малчин М-ийн 600 боодол өвс, саравчтайгаа 03.06-ны өдрийн 16:00 цагийн орчим шатлаа гэсэн мэдээллийг 19:29 цагт хүлээн авсан. Орон нутгийн 50 иргэн, 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан тухай тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top