Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 11, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд зарим газраар, 14-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт иргэн Б-гийн эзэмшлийн 940 боодол өвс ачсан “Норд бенц” загварын ачааны автомашин шатсан тухай дуудлагыг 03.09-ны 04:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 9 алба хаагч, 3 автомашинтай 2 км зам туулан 04:42 цагт очиж 7 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ны өдрийн 09:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 1,2 км зам туулан 09:22 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 19:57 цагт хүлээн авч тус дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 20:13 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 20:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 20:50 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 20:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 20:58 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /62 настай, эрэгтэй/, О /61 настай, эмэгтэй/ нарын гар, хөл бага зэрэг түлэгдсэн тул НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Тариалан сумын төвөөс урд зүгт 19 км-т 03.09-ны өдрийн 14:25 цагт /Ө-49059/00//, У-910 95/ 00/// 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тухайн газар нь Мянган багийн “Хүрэн хадны-Ам” гэдэг газар бөгөөд, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд үерийн ус зайлуулах сувагт тогтсон усанд иргэн Г-гийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин суусан тухай дуудлагыг 03.09-ний өдрийн 16:29 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11.5 км зам туулан 16:53 цагт очиж 1 цаг ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top