1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төв, говийн аймгуудын нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт BSB сүлжээ дэлгүүрийн өргөтгөлд хураалттай цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 17:45 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт иргэн С-ийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 18:44 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд цоожтой байсан 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 20:24 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, /Ө-48052/00 //, У-101045/00/// 03.15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 02:50 цагт ООГХ-ээс утсаар мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 03.15-ны өдрийн 03:19, 13:35 цагуудад тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй” тухай мэдээлсэн боловч 03.15-ны өдрийн 14:50 цагт тус сумын Ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийн 3 давхар барилгын хана цуурсан, 1 дүгээр давхрын 1 цонхны шил хагарсан тухай мэдээллийг сургуулийн захирал Д.Болор-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР