Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, зарим үед 24 м/с, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 3-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунаас 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар  хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонийтийн тээврийн автобусны хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 21:12 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.6 км зам туулан 21:17 цагт очиж  10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн “Шанаган хавцгай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 06:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дах Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 70 км зам туулан 08:25 цагт очиж 4 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 350 бог мал өртөж хорогдсон.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Сэлх”-ийн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 11:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км зам туулан 12:06 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 11:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 11:59 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 31.5 км зам туулан 13:41 цагт очиход гэр бүрэн шатсан байсан тул шалгалт хийгээд буцсан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хашаанд хураалттай мод, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 13:56 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Зүүн шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 75 км-т/ өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 16:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 19 иргэн, 1 автомашинтай 75 км зам туулан 20:30 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 10 иргэн, 2 автомашинтай  унтраахаар ажиллаж байна.

Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ зэгс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай унтраахаар ажиллаж 03.26-ны өдрийн 06:24 цагт цурманд оруулсан.

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Төгөл гурван дэрс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай 04:50 цагт түймрийн голомт руу явсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Тавин хоёр”-ын даваанд Төв аймгийн Баянчандмань сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой, “Приус-20” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой “Ниссан Теана” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид 2 хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 12:28 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 44.5 км зам туулан 13:00 цагт очиж, 30 минут ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Ч /46 настай, эмэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт тус сумын иргэн М /сэтгэцийн эмгэгтэй, 22 настай эрэгтэй/ 03.24-ний өдрийн 09:05 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн 12 албан хаагч, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион  байгуулж 03.25-ны өдрийн 18:16 цагт Тосонцэнгэл сумын төвөөс баруун зүгт 15 км-т Оргих багийн “Дээд харганы-Өндөр дэнж”гэдэг газраас эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т/ 2018.01.14-ний өдөр Булган голын усанд осолдсон Б /7 настай, эрэгтэй/-ыг тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэй эрэн хайсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 01.18-ны өдөр зогсоосон боловч 03.25-ны өдөр Булган голын усны мандал дээр гарч ирсэн тул цогцсыг уснаас гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 16:25 цагт 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр  унтраах, аврах 38  дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 17 км зам туулан 17:00 цагт очиж 10 минут ажиллаж цогцсыг гаргаж тус сум дах Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн С, иргэн Н нарын хашаанд  шар усны үер орж, гэр байшин усанд автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 22  дугаар ангийн 26 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 54  дугаар ангийн 9 алба хаагч, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 83 хүн, нийт 123 хүн, 23 автомашинтайгаар ажиллаж 12 иргэн, 7 өрхийн эд хогшлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шар усны үерийн голидролыг өөрчлөх, 800 тн шороо зөөвөрлөн далан байгуулах ажлыг хийсэн. 03.23-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Эрүүл мэндийн газрын 13 ажилтан, НААҮГ-ын 14 ажилтан, нийт 48 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 21 айл өрхийн жорлонд ариутгал халдаргүйтгэл хийж, 2 айлын хашаанд хуримтлагдсан усыг соруулсан.03.24-ний өдрийн байдлаар  тус сумын 15 дугаар багийн Мангирт хэсгээс зүүн хойд чиглэлд байрлах 1 сая м3 ус цуглуулах хүлээн авах чадал  бүхий далангийн ёроол хэсгээр ус шүүрсэн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан аймгийн МХГ, ОБГ, “Ус суваг” ТӨХК, ДШСүлжээ, Захирагчийн албаны 20 ажилтан, албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ус зайлуулах хоолойг сэтгэн, даланд хуралдсан усыг зайлуулах  ажиллагааг гүйцэтгэсэн. 03.25-ны өдрийн байдлаар 250 шуудай шороогоор далан босгосон.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвт багт 5 ханатай гэр 03.25-ны өдрийн 23:10 цагт шатсан тухай Тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч мөн өдрийн 23:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Нарийн хөндийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ 2 айл өрх шар усанд автсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 08:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын Тамгын газрын 7 хүн, 1 автомашинтай ажиллаж 2 гэрийг нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top