1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-өлгий, Говь-алтай, Дундговь, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурсан. Дархан, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар бага зэргийн салхитай байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 18-20 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 3-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийн, Хүрэн бэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Үдээс өмнө 7-9 градус дулаан байна, бусад хугацаанд хүйтэрнэ.
Төлөв байдал: 29, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.
2.Объектын түймэр:
Төрийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Сэхүүлийн тойром” гэдэг газар / сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 15 км замыг туулан 17:38 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд худалдааны төвийн баригдаж байгаа барилгын дулаалгын хөөс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:52 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 1 км замыг туулан 15:56 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Адаг-Ус” гэдэг газар” /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т/ гэр, 200 толгой мал, 50 боодол өвс, 1 автомашин, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03:26-ны өдрийн 03:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 ангийн 5 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 10 хүн, 2 автомашинтайгаар 15 км зам туулан 04:20 цагт хүрэлцэн очиж, 2 цаг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Шанд багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 12:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 7 км зам туулан 12:37 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км замыг туулан 16:22 цагт хүрэлцэн очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Муруйн говь” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 72 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн Шороот гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 23 км-т/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтайгаар 46 км зам туулан 20:10 цагт очиж, 1 цаг 15 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд гол багт хашаанд 120 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 19:00 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Мөрөнгийн хоёр голын-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 80 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өлрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 2 автомашин, нийт 33 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Ар шивэртийн дээд мухар” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 01:00 цагт хүлээн авч Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 13 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03.26-ны өдрийн 09:00 цагт цурамд оруулж, 09:45 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагч, Засаг даргын тамгын газрын дарга нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 2400 орчим га талбай шатсан.
Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ зэгс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, нийт 46 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.26-ны өдрийн 06:40 цагт цурамд оруулж, 07:10 цагт бүрэн унтрааж, тус багийн иргэнд хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 5.2 га талбай шатсан.
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Төгөл гурван дэрс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 10 алба хаагч, “Пейтро-чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайгаас 11 ажилчин, нийт 71 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багт 3 айлын хашаа шар усны үерт автсан гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 3 хэсэг нийт 50м газар 80 шуудай хайргаар далан хийсэн.
Увс аймгийн Улаангом сумын Хөндлөн багийн “Довонгийн фэрм” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 6 км-т/ Гашууны голын далан сэтэрч 10-аад айлын өвөлжөө усанд автах гээд байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 3 автомашин, 1 ковш, орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр сэтэрсэн даланг сэргээж, 2 газарт 35 метрийн урттай далан хийж, 10 айлын өвөлжөө, 37 иргэнийг шар усны үерээс авран хамгаалсан.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн С, иргэн Н нарын хашаанд шар усны үер орж, гэр байшин усанд автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 26 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 54 дугаар ангийн 9 алба хаагч, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 83 хүн, нийт 123 хүн, 23 автомашинтайгаар ажиллаж 12 иргэн, 7 өрхийн эд хогшлийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шар усны үерийн гольдролыг өөрчлөх, 800 тн шороо зөөвөрлөн далан байгуулах ажлыг хийсэн. 03.23-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Эрүүл мэндийн газрын 13 ажилтан, НААҮГ-ын 14 ажилтан, нийт 48 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 145 айл өрхийн жорлонд ариутгал халдаргүйтгэл хийж, 5 айлын хашаанд хуримтлагдсан усыг соруулсан. 03.26-ны өдөр Онцгой байдлын газрын 3 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2 дугаар гудамжны 3 тоот “Гэрэлт наран” дэлгүүрийн хажуугаар 74 метр урт, 2,3 метр өндөр далан байгуулсан.
Ховд аймгийн Дуут сумын төвд 03.24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 24 м/с хүрч шороон шуурга шуурсаны улмаас сумын цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 10 айлын хашаа, 3 айлын гэр нурсан, мал бэлчээрлэх боломжгүй болсон талаар тус сумын Засаг дарга 03.26-ны өдрийн 12:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын нийт нутгаар 03.26-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Өлгий суманд 6 байшингийн дээвэр, 1 хашаа, 1 сурталчилгааны самбар салхинд хийссэн, 1 блокон хашаа нурсан, Дэлүүн суманд цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана унасан, Улаанхус сумын сургууль, цэцэрлэгийн дээвэр, Толбо суманд 1 байшингийн дээвэр, Засаг даргын Тамгын газрын төмөр хашаа, Сагсай суманд 1 байшингийн дээвэр, сумын Монгол ардын намын байр, Эрүүл мэндийн төвийн хашааны төмөр, Буянт суманд 1 гэр, сургууль, соёлын төв, эмнэлгийн дээвэр салхинд хийссэн, Толбо сумаас Дэлүүн сумын чиглэлийн цахилгааны дамжуулах шугамын 2 ширхэг багана нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Их Бага-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 95 км-т, аймгийн төвөөсөө зүүн зүгт 100 км-т/ адууны хашаа, 650 боодол өвс шатаж байна гэсэн мэдээллийг 03.26-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Увс аймгийн Тариалан сумын Тариалан багт /аймгийн төвөөс баруун зүгт 34 км-т/ 03.26-ны өдөр 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас иргэн З-гийн байшингийн дээвэр, иргэн Б-гийн гэр салхинд хийссэн тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажилласан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Ховд аймгийн нийт нутгаар 03.26-ны өдрөөс 03.27-нд шилжих шөнө 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Ховд сумын 18 байшингийн дээвэр, 7 айлын гэр, 10 айлын хашаа унасан. 8 машины шил хагарсан, Соёлын төвийн 2 цонхны шил хагарсан. Мөнххайрхан сумын Соёлын төвийн дээвэр машин дээр унасан, 1 машины шил хагарсан, Хүүхдийн гэр цэцэрлэг унасан, 3 айлын гэр, 3 айлын хашаа унасан. Дарви сумын Булган багийн 3 айлын гэр, 4 айлын байшингийн дээвэр унасан. Дарви сумын Бүрэн дунд сургуулийн хичээлийн төв байрны дээвэр унасан. Манхан сумын Ботгот багийн Цэнхэрийн ам гэдэг газарт 1 айлын гэр унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР