Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус,  Алтайн өвөр говиор 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал:  30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хөвсгөлийн уулсаар, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн уулсаар 14-16 м/с, 31-нд баруун аймгуудын нутгаар, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь эхийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 14:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:12 цагт очиж,  25 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний зүүн талд туул голын бургас шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 16:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:46 цагт очиж  1,2 га газар өнжмөл өвс, бургас шатаж байсныг 30 минут ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Баян-Овоо” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 132 иргэн, нийт 156  хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.27-ны өдрийн 22:50 цагт түймрийг цурамд оруулж, 03.28-ны өдрийн 11:35 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн “Баруун тариа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 7  хүн, нийт 31 хүн, 3  автомашинтайгаар 19:13 цагт очиж, 03.29-ний өдрийн 02:05  цагт гал түймрийг цурамд оруулж, 05:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Номгон сумын Гогц багийн “Их-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 81 км-т, Ө-42016’00”, У-104079’00’’/ 2018.03.28-ны өдрийн 18:17 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 03.28-ны өдрийн 18:37 цагт, цахим шуудангаар 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Их-Уул” гэдэг газар нь хилийн зааг, айл өрх байхгүй. Сумын төвийн иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Халхайтай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ тус сумын харъяат малчин Б /20 настай, эрэгтэй/ 03.27-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч, орон нутгийн 25 хүн, нийт 33 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:00 цагт тус сумын Холбоо багийн “Давсан сүүж” гэдэг газар /гэрээсээ зүүн урд зүгт 45 км-т/ малчин Б-гийнд байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top