Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим газраар 18-20 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 0-2  градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга, 7, 8-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

                                                                                   2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 13:44 цагт очиж, 48 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчооны зүүн талд иргэн М-ийн “Хюндай рино” загварын 400 боодол өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 9 км зам туулан 19:16 цагт очиж, 08:00 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт амбаар, граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн  16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 16:28 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хайлааст багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 23:23 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан.

   3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Түнэл сумын  Бийж багийн “Доод тэгш булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/  Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 16:10 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 43 иргэн, нийт 55 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.03-ны өдрийн 12:07 цагт цурманд оруулсан.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт /Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан  тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагаан-Үүр сумын 23 иргэн, Чандмань-Өндөр сумын 11 иргэн, 10 морьтой хүн, нийт 56 хүн, 7 техник хэрэгсэл, 10 морьтой ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн иргэн Г-гийн охин Э /14 настай, эмэгтэй/ 04.02-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 19:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  36 алба хаагч, Цагдаагийн газрын 63 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 38 ажилтан, орон нутгийн 333 иргэн, нийт 470 хүн, 135 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.03-ны өдрийн 10:23 цагт  Цогт-Овоо сумын Замын шанд багийн “Өнчийн зоо” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 162 км-т/-аас эсэн мэнд олсон.

Онцгой байдлын ерөнхий газар 

scroll to top