Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийслэл хот болон Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл,Хэнтий,  Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар бага зэргийн салхитай хур тунадас ороогүй.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос 7-12 м/с. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 9-нд  төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи 6,7-нд говь талын нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 9-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 7-ноос дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутггаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багийн “Сумангийн зоо” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ төмөр замын 1033 дугаар зөрлөгт төмөр замын ажилчдын 4 айлын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 11:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 100 км замыг туулан 13:17 цагт очиж, мөн Замын-Үүд суман дахь Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн 1 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, 1 автомашин, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 6 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Булган сумын Өндөр хошуу багийн “Дөргөнө” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т/ Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн автозамын зорчих хэсэгт “Хьюндэй” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 14:48 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Түнэл сумын  Бийж багийн “Доод тэгш булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/  ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 16:10 цагт  хүлээн авч, тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 43 иргэн, нийт 55 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.03-ны өдрийн 12:07 цагт цурманд оруулсан, орон нутгийн 3 иргэн бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 2 га газар өртсөн.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт /Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан  тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагаан-Үүр сумын 34 иргэн, 2 автомашин, Чандмань-Өндөр сумын 21 иргэн 2 автомашин, 17 морьтой хүн, нийт 67 хүн, 5 техник хэрэгсэл, 17 морьтой унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Балгант” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ иргэн М /19 настай, эрэгтэй/ 2018.04.04-ний өдрийн 18:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч орон нутгийн 9 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн “Эмт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ иргэн  Т /40 настай, эрэгтэй / 04.04-ний өдрийн 19:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Цагаан тойром” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ иргэн Б /38 настай, эрэгтэй/, У /35 настай, эрэгтэй/ нар 04.04-ний өдрийн 18:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Богино шанд“  гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ иргэн Б /35 настай, эрэгтэй/ 2018.04.04-ний өдрийн 23:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 01:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Тарагт, Хайрхандулаан сумдад иргэд малдаа яваад сураггүй алга болсон болон цасанд суусан тухай 10 дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 алба хаагч, 9 автомашин, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин, нийт 38 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 28 том хүн, 6 хүүхэд, нийт 34 хүний амь биеийг аварсан.

Төв аймгийн Сэргэлэн сумын авдар багийн “Цагаан амын бэлх“  гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ Л /13 настай, эрэгтэй/ 04.04-ний өдрийн 20:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 23:30 цагт хүлээн авч орон нутгийн 9 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top