Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд найрамдах Киргизстан улсын Онцгой байдлын яамтай хамтран ажиллах “Санамж бичгийн” хүрээнд тус улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан “Уулын аврах ажиллагааны сургалт, туршлага судлах арга хэмжээ”-нд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг оролцоод ирлээ.
Тус арга хэмжээний үеэр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, уулчдын хэрэглэдэг хувцас, багаж хэрэгслийн стандарт, аврагчийн аюулгүй байдлыг яаж хангах, аюулгүй ажиллагааны сургалт, дадлагуудыг хийхэд анхаарах зүйлс зэрэг улс орнуудын туршлагаас судалж, санал солилцсон байна.
Энэ үеэр Онцгой байдлын яамны дэд сайд, хурандаа Ахматов Калыс Орозбекович болон удирдлагын бүрэлдэхүүнтэй ажлын уулзалт хийж, Онцгой байдлын албаны үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийн, цаашид мэргэжилтэн болоод аврагч нарыг сургаж бэлтгэх талаар харилцан санал солилцжээ.
Мөн Онцгой байдлын яамны харьяа Чолпон-Ата хот дахь Гүний шумбагч, усны сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч С.Алтангэрэл, ахлах ахлагч, Х.Хашболд нар15 метрийн гүнд гүний шумбалтын дадлагыг тус төвийн аврагч нарын хамт хийж, туршлага судалсан байна.
Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд өндөр ууланд аврах ажиллагаа явуулах, аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, уулын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн уулчидтай хамтран ажиллах, уулчдын зөвлөгөөн, сургалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.