Ц.Ганзориг: Монгол Улс Азидаа гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд тэргүүлэх улс орнуудын түвшинд явж байна

31171267_2085153538433784_146309817579864064_n.jpg

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригтой ярилцлаа.

– “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд болж байна. Энэ удаагийн хуралдааны гол зорилго нь юу вэ?

– Энэ удаагийн Азийн түншлэлийн хуралдаан нь ирэх 7 дугаар сарын 3-6-ны  өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II дугаар бага хурал”-ын сүүлийн бэлтгэл хуралдаан болж байгаагаараа онцлог.  2017 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын 71 дүгээр Ерөнхий Ассамблейгаас Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дэлхийн 7 зорилтот шалгуур үзүүлэлтийг батлан гаргасан нь бүс нутаг, улс орнуудад уг баримт бичгийн хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэх, ахиц дэвшлээ үнэлж дүгнэх, тайлагнах боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотод болох Азийн сайд нарын II бага хурлаар бид  Азийн бүс нутаг, үндэстэн, улс орнуудын гаргасан ололт амжилтууд, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэн цаашдын чиглэлүүдээ тодорхойлон дараагийн хоёр жилд хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөг шинэчлэн батлан гаргах юм.

Мөн энэ удаагийн Азийн түншлэлийн хуралдаанаар 2016 онд Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Азийн сайд нарын анхдугаар бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа улс орнууд тайлагналаа. Мэдээж Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын зохион байгуулагч орны хувьд хурлын бэлтгэл ажлын талаар оролцогч улс орон, олон улсын байгууллагын төлөөллүүдтэй санал солилцох, мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад  тулгарч буй асуудлууд, түүний явц, ололт амжилтын талаар нэгдсэн хэлэлцүүлгүүд  ч зохион байгуулж байна.

Энэ удаагийн түншлэлийн хуралдаанд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 18 улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг 20 гаруй олон улсын байгууллагаас нийт 140 гаруй төлөөлөгч оролцож байна.

Дэлхий нийтээрээ “гамшгийн эрсдэлийг бууруулах” гэдэг хандлага руу шилжиж байна гэж та ярьж байна.  Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд хамгийн гол анхаарах зүйл нь юу вэ?

– Бид эхлээд гамшгийн эрсдэлээ ойлгож таних ёстой. Үүний тулд гамшгийн эрсдэлийг удирдах менежмент буюу засаглалын системийг бий болгох нь зүйтэй юм. Дараагийн том асуудал бол бид эрсдэлийг, эмзэг байдал, аюулыг бууруулна гээд байгаа, нэгэнт уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, даяаршил, буруу хот төлөвлөлт зэрэг хүчин шалтгаан өөрөө байгаад байгаа учраас эрсдэлийг шилжүүлэх асуудлыг зохицуулах нь зүйтэй. Тиймээс бид гамшгийн даатгал, хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж эхэлсэн. Өмнө нь эрсдэлийг шилжүүлнэ гэж ярьж байсан бол энэ удаа эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтгүй бол үр дүнд хүрэхгүй юм гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Дараагийн үндсэн чиглэл бол бидний өнгөрсөн хугацаанд маш түлхүү хийж ирсэн гамшгийн, онцгой нөхцөл байдал үүсэх, үүсч болзошгүй буюу үүссэн, үүссэний дараах хариу арга хэмжээн дээр тодорхой хүчин чадлаа, чадавхиа бэхжүүлэх нь зүйтэй, түүний үр дүнд дахин төлөвлөх, илүү сайнаар барьж бүтээх буюу гамшгийн дараах сэргээн босгох ажиллагааг гамшгийн эрсдэлд тулгуурласан гамшигт тэсвэртэй бүтээн байгуулалт бий болгоно гэсэн зорилтыг тавьсан. Энэхүү дэвшүүлсэн үндсэн чиглэл зорилт дээр тулгуурлан дэлхий дахин юуг голлон авч гэж үзэж байна гэхээр өнгөрсөн хугацаанд бид цаасан дээр илүү түлхүү анхаарал тавьлаа. Одоо харин засаглалаа яаж бий болгох вэ, хууль эрхзүйгээ хэрхэн сайжруулах вэ, олон нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг яаж хангах вэ, олон улсын байгууллагыг ямар оролцоон дор байлгах вэ, хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг үйл ажиллагаанд түлхүү анхаарч байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал 2005 оноос эхлээд хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Гамшгийн аюулыг бууруулах Дэлхийн хурал анх 1994 онд Япон Улсад болж байсан. Монгол Улс 2005 онд Кобе хотод зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн хоёрдугаар бага хуралд оролцож ”Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг батлалцсан. Ингээд Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлыг Япон улс 2015 онд дахин зохион байгуулж, НҮБ-ын гишүүн 187 улс орон оролцоод гамшгийн удирдлагаас гамшгийн эрсдэлийн удирдлага руу шилжиж орох алхмыг хийж Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх ”Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг батлан гаргасан. Тус баримт бичиг нь тэргүүлэх дөрвөн чиглэлтэй, долоон зорилттой баримт бичиг болсон.

Гамшгийн эрсдэлийг бууруу­лах чиглэлээр дэлхий нийтэд дагах баримтлах томоохон баримт бичгүүд гарсныг та дурдлаа. Эдгээр баримт бичгүүдийг үндэсний онцлог, улс орны хөгжлийн бодлогодоо уялдуулах нь зайлшгүй хэрэгтэй байх. Тухайлбал, ”Сендайн үйл ажилла­гааны хүрээ” баримт бич­гийн үндсэн зорилго, онц­лог нь юу вэ. Тухайлбал, өмнөх ”Хёогогийн үйл ажилла­гааны хүрээ” баримт бичгээс бодлогын хувьд ямар ялгаатай ч гэдэг юм уу?

– “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн үндсэн зорилго бол 100 мянган хүнд тохиолдох гамшигт өртөгсдийн тоо, эдийн засгийн хохирлыг бууруулах зэрэг бодит тоон тал руугаа тодорхой үр дүнг тавьж эхэлсэн. Энэхүү баримт бичгийг дагаад Монгол Улсын хувьд ч тодорхой хууль эрхзүйн тогтолцооны тал дээр нилээд шинэчлэлүүдийг хийж байна. Гэтэл бас нэг асуудал гарсан. Энэ бол Парисын гэрээ буюу Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний Дэлхийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр. Энэ хөтөлбөрт улс орнууд нэгдчихлээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд гамшгийн тохиолдол нь хамрах цар хүрээ нь нэмэгдэж, шинэ төрлийн гамшиг, аюул, эрсдэл гарах боллоо. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаандаа хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Дээрээс нь Мянганы хөгжлийн зорилтын цогц бодлого 15 жил хэрэгжээд дуусгавар болсон. Мөн НҮБ-аас 2030 он хүртэл Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт гээд 17 зорилттой бодлогын бичиг баримт гарсан. Үүний дөрвөн зорилтод нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг тусгасан. Тэгэхээр энэ гурван бичиг баримт маань үндсэндээ нэг цогц баримт бичиг болж байгаа юм.

Эдгээр баримт бичгийг дэлхий дахинд, бүс нутагт, улс орнууд, үндэстэн, орон нутаг, олон нийтийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал дэлхий дахинд яригдаад эхэлсэн. Дэлхийн хэмжээний томоохон бодлого хөтөлбөр учраас улс орнууд хэрэгжүүлнэ, харин үүнийг хэрэгжүүлэхээр амлалт өгсөн улс орнууд маань өөрсдийн улс орны төлөвлөгөөг боловсруулах ёстой. Үүнийг дагаад бидэнд эдгээр баримт бичгийг өөрсдийн үндэсний онцлог, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хэтийн бодлоготойгоо уялдуулсан ямар урт хугацааны төлөвлөлтийг хийх ёстой вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Гэхдээ бид өөрийн дотоодын үндэсний бодлогоо гаргахаас гадна гадагшаа чиглэсэн, азийн бүс нутагт ямар дэмжлэгтэй байх вэ гэдэгтэй давхар тооцох ёстой юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үндсэн гол зорилго бол дээр дурдсан дэлхийн гурван том баримт бичгийг хэрхэн бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх вэ, ямар стратегитэй байх вэ, ямар бодлого баримтлахын, энэ стратеги төлөвлөгөөг бариад улс орнууд өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа ямар заавар, зааварчилгааны дагуу хийх ёстой вэ гэдэг удирдамжийг боловсруулахад оршиж байгаа юм. Улс орон бүр тусдаа сайн дураараа хийхгүй нь байна шүү дээ. Дээрээс нь Азийн сайд нар гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр амлалтаа өгөх зорилготой.

Энэ хурлаас Монгол Улс юуг хүлээж байна вэ, Азийн түвшний дээд хэмжээний хурлыг эх орондоо хүлээн авч Онцгой байдлын байгууллага хариуцан зохион байгуулна гэдэг асар нэр хүндийн асуудал. Тэд чухам бидний юуг үнэлж, олж харав аа?

– Гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр олон улсын анхаарлыг яагаад татаж байна гэхээр өнгөрсөн хугацаанд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичиг батлагдсанаас хойш Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү маш хурдан шилжиж, гамшгийн удирдлагын  тогтолцоог боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нэлээдгүй ажлыг хийсэн бөгөөд бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх орнуудын түвшинд явж байна гэж НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас үнэлж байгаа. Үүний илэрхийлэл нь Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг Монгол Улс зохион байгуулах болсон явдал гэж ойлгож болно.

Үүнд, төр засгаас ч анхаарч дэмжиж байгаа. Мөн олон нийт, төр, хувийн хэвшлийн оролцоо ч сайжирч байна. Олон улсын түвшинд Онцгой байдлын байгууллагын төлөөлөх төлөөлөл, оролцоо, идэвхи санаачлага эрчимтэй хийгдэж байгаа учраас олон улсын байгууллагууд, Азийн улс орнууд Монгол Улс  нь гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд тэргүүлэх түвшинд явж байна гэж тодорхойлсон. Тэргүүлэх түвшин гэдэг хөгжсөн оронд бол өөр. Япон, Тайланд ч юм уу, эдийн засгийн томоохон чадавхитай, олон мянган жилийн туршлагатай, сургамжтай орнуудтай харьцуулахад Монгол Улс тэр түвшинд хүрэх болоогүй. Дан ганц бидний ахиц бол хөгжиж буй улс, сүүлд энэ систем рүү орж байгаа хэдий ч маш хурдтайгаар ахиц гарч, үр дүнд хүрч байгаа нь олон улсад үнэлэгдэж, биднээс туршлага судлая гэсэн хүлээлттэй байгаад байгаа юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн 50 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд хэмжээний 3000 орчим төлөөлөгч оролцоно.

Энэхүү хурал нь бүс нутаг, олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлоороо хамгийн өндөрт тооцогддог НҮБ-ын томоохон арга хэмжээ бөгөөд Монгол орноо олон улсад сурталчлах том үйл явдал, завшаан юм.

Азийн сайд нарын бага хурлыг бид “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хангах нь” уриан дор зохион байгуулна.

– Ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

2018.04.25

scroll to top