Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, ихэнх нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, үдээс хойш 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Гүн жалга” гэдэг газарт /Дархан-Уул аймгийн төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ “Дархан-Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн “Хово” загварын ачааны автомашины хойд талын 6 дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 09:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 15,5 км зам туулан 10:20 цагт очиж, 13 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 15:02 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн автобусны буудлын хажууд авто замын зорчих хэсэгт иргэн С-ийн эзэмшлийн “Соната” загварын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1.5 км зам туулан 18:30 цагт очиж, 03 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Хоёр-Эхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуулагыг 04.23-ны өдрийн 22:02 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 14 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 38 иргэн, 3 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04:25-ны өдрийн 15:55 цагт цурманд оруулсан.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Асганы хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ёлгос багийн “Ар-Үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч орон нутгийн 17 иргэн, 2 автомашинтай ажиллаж, 04.25-ны өдрийн 18:45 цагт цурманд оруулж, 04:25-ны өдрийн 22:50 цагт бүрэн унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Жалман” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч орон нутгийн 24 иргэн, 4 автомашинтайгаар ажиллаж, 04.26-ны өдрийн 09:00 цагт цурманд оруулж, 18:40 цагт бүрэн унтрааж, иргэн Д.Ганхуягт хүлээлгэн өгсөн. /түймэрт нийт 10 га орчим бэлчээрийн талбай өртсөн/.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 6 зорчигчтой, Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, Ханх сумын харьяат О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, Мөрөн сумын харьяат иргэн Б /58 настай, эрэгтэй/, Мөрөн сумын харьяат иргэн М /51 настай, эрэгтэй/, Мөрөн сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/, Г /6 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд осолдсон тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга ахмад Т.Мягмарсүрэнгээр ахлуулсан 10 алба хаагч, 1 автомашинтай, тус аймаг дахь Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай, нутгийн захиргааны байгууллгын 4 хүн, 1 автомашинтай, 04.25-ны өдрийн 18:45 цагт нуурийн чиглэлд явж 22:01 цагт очсон бөгөөд 2 автомашинтай 15 зорчигчыг нуурын эрэг рүү зөөвөрлөн гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэн, 1 автомашинтай мөн өдрийн 20:20 цагт явж 23:30 цагт очсон. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын өгсөн үүргийн дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан 5 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч,1 автомашинтай 04.25-ны өдрийн 19:00 цагт явж 04.26-ны өдрийн 07:00 цагт очсон. АТА-ын 8 алба хаагч, 1 автомашинтай  04.25-ны өдрийн 21:20 цагт Хөвсгөл аймгийн чиглэлд явж, 04.26-ны өдрийн 08:00 цагт Булган аймгийн төвөөс Улаанбаатар хот руу буцсан. 04.26-ны өдрийн 07:39 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эхний цогцсыг, 07:42 цагт 2 дахь цогцсыг, 07:45 цагт 3 дахь цогцсыг, 07:50 цагт 4 дэх цогцсыг тус тус гаргасан. Осолдсон автомашин нуурын эргээс 1300 метрийн зайд, усанд 15 метрийн гүнд байна. 11:28 цагт “Фургон” загварын автомашиныг, 11:40 цагт “Пажеро” загварын автомашиныг тус тус татан гаргасан.

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд жорлонд цогцос байна гаргаж өнгө үү гэсэн цагдаагийн газрын хүсэлтийг 04.16-ны өдрийн 18:59 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 10 км зам туулан 19:19 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 20 минут ажилаж, нэр, нас нь тодорхойгүй цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад  хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top