Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, баруун аймгуудын ихэнх нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-20 м/с, түр зуур 24 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс болон Дорнод-Монголын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд, 5-нд нутгийн зүүн, 7-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд гэрт, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 12:29 цагт хүрэлцэн очиж, 01 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймрийн голомтоос иргэн Б /24 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/, мөн 20 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 12:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 12:32 цагт очиж, 32 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 18 дугаар хороон, 67 дугаар байрны гадна талд граш шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 12:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5.5 км зам туулан 12:53 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны гадна талд граш шатаж байна гэсэн дуудлагыг 05:02-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 8 км зам туулан 13:59 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ногоон багт зуны амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 18:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр  унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 18:17 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top