Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 16-18 м/с, бусад нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус,  Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус,  бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд, төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар бороо, хур тунадас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с, 9, 10-нд нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд нутгийн төв хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

2.Объектын түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 07:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч,  1 автомашинтайгаар 5 км зам туулан 07:57 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Хос хад” амралтын газрын хажууд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 34 км зам туулан 13:30 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 14:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах аврах 60 дугаар ангийн 5 алба хаагч 1 автомашинтайгаар 0,3 км зам туулан 14:03 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 00:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 30 км зам туулан, 01:33 цагт очиж, 3 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 04:18  цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 04:27 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр: 

Хээрийн түймэр: Увс аймгийн Улаангом сумын Хөндлөн багийн “Бор нурган” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 9 иргэн, 1 автомашинтай, нийт 20 хүн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:40 цагт цурманд оруулж, 19:05 цагт бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт 2 га орчим бэлчээрийн талбай өртсөн.

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Ногоон харз” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 22 иргэн, 2 автомашин, нийт 33 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 23:45 цагт цурманд оруулсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн автозамд Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн “Тоёота Виш” загварын автомашин, иргэн Б-гийн “Тоёота Ист” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 04:10 цагт хүлээн авч Замын-Үүд сум дахь  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 23 дугаар  ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 23 км зам туулан, 04:45 цагт очиж, 30 минут ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, нас барсан жолооч Д /28 настай, эрэгтэй/, зорчигч Э /27 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top