Нийслэлийн Онцгой байдлын газраас бүтэц, нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн үед гэнэтийн ослын удирдлагын системийн хүрээнд ажиллах боломжийг судлах, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Болзошгүй газар хөдлөлтийн үеийн нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг зохион байгуулж байна.
Команд штабын сургуульд НОБГ-ын төв штаб, нийслэлийн Аврах анги 105, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 100 гаруй офицер бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.
Алба хаагчид өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дуут дохиогоор цугларч, гамшгаас хамгаалах удирдлагын баримт бичиг, эрх зүйн орчны талаарх танхимын сургалтад хамрагдан, өгөгдсөн цагийн байдлуудад ажиллаж байна.
Туршилт, шинжилгээний команд штабын сургуулиар газар хөдлөлтийн үед гэнэтийн ослын удирдлагын системийн дагуу ажиллах боломжийг судлах, хүндрэл бэрхшээлийг тогтоох, туршиж үзэх, ажиллах зохицуулалтад дүн шинжилгээ хийх, бүтэц нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, үүрэг чиглэлийг тодорхойлох, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.