Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр хур тундас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 9-14 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 6-11 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 18-23 градус,  Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/м,  зарим үед 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 26, 27-нд нутгийн зүүн хагаст  хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26, 27-нд говь тал, хээрийн нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 25-нд нутгийн баруун хагаст, 26, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус,  өдөртөө 10-15 градус дулаан байна. 25, 26-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч хононо. 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруунд байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 04:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 23.5 км замыг туулан 05:07 цагт хүрэлцэн очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 06:57 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 07:07 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн О (43 настай, эрэгтэй) түлэгдэж, нас барсан.

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд дүүргийн  иргэн Б-гийн эзэмшлийн “Лексус 470” загварын автомашин хайрагдаж, эзэнгүй Ланд-105 загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 12:26 цагт хүлээн авч тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 12:32 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 16:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /63 настай, эрэгтэй/-гийн толгой, гарын шууны хэсэг тус тус түлэгдсэн, анхны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 04:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 2,5 км зам туулан 04:58 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 167 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж, 05.23-ны өдрийн байдлаар түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, салхи ихтэй, ус ховор байна. 05.23-ны өдрийн 10:50 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн мэргэжилтэн, ахмад П.Соронзонболд, Олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Отгонболд, Байгаль орчин, аялал жуучлалын дэд сайд Ц.Батбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Сэнжит” уулын “Сэнжитийн гол” гэдэг газар /Минжийн заставаас зүүн урд зүгт 40 км-т/ гарсан ойн түймэр дээр ажиллаж байсан АТА-ийн Агаарын ажиллагааны салбарын дарга, ахмад Ж.Гэрэлт-Одоор ахлуулсан 9 алба хаагчийн бүрэлдэхүүн Улаанбаатар хотод ирсэн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцэс 4 замын уулзварын зорчих хэсэгт иргэн М-ийн эзэмшлийн ”Норд бенз” загварын том оврын автомашин унаж  хүн дарагдсан байж болзошгүй гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 00:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 13.5 км зам туулан 00:31 цагт очиж, 02 цаг хайгуулын ажиллагаа явуулан ажиллахад ямар нэг хүн дарагдсан байдал илрээгүй болно.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ 05.18-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.19-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 21 иргэн, 3 автомашин, 3  мотоцикль, 2 морьтой, нийт 31 хүн, 7 техник хэрэгсэл, 2 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.23-ны өдрийн байдлаар тус багийн “Олон цохиот” гэдэг газраас “Нүхтийн хөндий” гэдэг газар хүртэл 13 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:50 цагт түр зогсоож, 05.24-ний өдрийн 06:00 цагаас дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт /05.23-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, сумын цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 05.23-ны өдрийн байдлаар тус багийн “Бумбат” ууланд, Хараа голоос Бороогийн гол хүртэл айлуудаар нийт 86 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:15 цагт ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top