1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Тэс голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 29-31 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Жамсран уул”-ын өвөр талын задгайд эзэн холбогдогч нь тодорхойгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 13:16 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 15:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 19 км замыг туулан 15:40 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 15:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 15:39 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:04 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Дулааны-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 16 км замыг туулан 19:35 цагт очиж, 27 минут ажиллаж, унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ний өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 01:54 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. Алба хаагчдыг түймрийн зүүн урд болон урд хэсэг рүү шилжүүлэн байршуулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, 3 жил мал маллаж байсан О /13 настай, эрэгтэй/ 05.21-ний өдрийн 10:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ар гэрийн 3 иргэн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр “Зараа толгой” гэдэг газраас “Хараа” голын эрэг дагуу “Загдал” гэдэг газар хүртэл нийт 80 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 05.29-ний өдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас О-г “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-нд 05.23-ны өдөр ирж хамгаалалт, үйлчилгээнд хамрагдаж байгааг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, Цагдаагийн газрын 3 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 20 хүн, 2 автомашинтай “Мөндөлтэй хошуу” гэдэг газраас Улаанбаатар төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 50 км-т “Орхон” гол дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 1 удаагийн гүний шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.30-ны өдрийн 06:50 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд бетон зуурагч суурин машинд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.29-ний өдрийн 09:42 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 19 км замыг туулан 10:05 цагт очиход тус дүүргийн харъяат иргэн Б-гийн эзэмшлийн тоосгоны үйлдвэрийн ажилтан нийслэлийн Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/ бетон зуурагч “ЖэйС500” загварын суурин машинд засвар, үйлчилгээ хийх явцад машин ажиллаж, хөдөлгүүрийн хэсэгт хавчуулагдаж, осолдсон байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР