Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Оройдоо бороо шиврэнэ. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас, 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бага зэргийн бороо орно. Салхи 6-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул баг, Улаанбаатар төмөр замын 1049 дүгээр зөрлөг, “Авга-Уул” гэдэг газар, /сумын төвөөс урд зүгт 70 км-т/ ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 01:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 140 км замыг туулан 03:10 цагт очиж,  01 цаг ажиллан галын тархалтыг зогсоож, 14:38 цагт бүрэн унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны “Онгологийн цагаан эрэг” гэдэг газар /сумын төвөөс  баруун хойд зүгт 41 км-т/ зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 08:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 41 км замыг туулан 09:43 цагт очиж, 8х9 метр хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг 03:24 цаг ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 10:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 10:56 цагт очиж,  15 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эрэгтэй/-гийн 2 гарын алга, баруун гуя, өгзөг, нурууны хэсэг түлэгдсэнийг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 14:16 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 14:26 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 17:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 17:07 цагт очиж,  2х2 метр хэмжээтэй, 2 амбаар шатаж байсныг  32 минут ажиллаж, унтраасан.

Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн гудамжны автозамын зорчих хэсэгт иргэн Н-ийн эзэмшлийн “Соната-5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 22:22 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 22:27 цагт очиж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж, унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т/ ойн түймрийн голомт /Ө-49011’28”, У-107034’08”/ Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад 05.17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллаж, 05.29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. 06.02-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орж, түймрийн тархалт зогссон, захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан. 06.04-ний өдөр  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга  Б.Оюунсанаа, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор түймрийн голомт руу нислэг үйлдсэн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг гэдэг газар  /сумын төвөөс зүүн зүгт 115 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.03-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 22:44 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 20 га талбай шатсан.

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Эрэгцэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 08:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 18 алба хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 31 хүн, 3 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 17:45 цагт түймрийг цурманд оруулж, 21:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 3000 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, “Манзушир” хийдийн баруун талд Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух иргэн Б /24 настай, эрэгтэй/ 05.26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. 06.04-ний өдрийн 18:00 цагт “Манзушир” хийдийн баруун талын модон дотроос үүргэвч болон бичиг баримт нь олдсон тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 05:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 албан хаагч, 1 автомашинтай “Манзушир” хийдийн орчимд 06.05-ны өдрийн 05:17 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Чингисийн өргөө” амралтын газраас урд зүгт 200 метр “Богд Хан” ууланд алхалт хийж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харъяат иргэн Д /61 настай, эрэгтэй/ хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлагыг 06.04-ний өдрийн 11:56 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:10 цагт очиж, цогцсыг буулгаж,  Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Мөндөлтэй хошуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ сумын харъяат Б /11 настай, эрэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт “Орхон” голд осолдсон дуудлагыг 05.29-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-уул аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай, нийт 16 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр 05.29-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас ОХУ-ын хил хүртэл нийт 100 км-т, 2 удаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:07 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 06.05-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top