Дэлхийн энх тайвны төлөөх галт бамбарыг Онцгой байдлын албаны тамирчид өртөөлж байна

sh10-708x350@2x.jpg

Дэлхийн энхийн зүтгэлтэн Шри Чинмойн санаачилгаар улс түмнүүдийн найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор дэлхий дахинаа галт бамбартай буухиа гүйлтийг анх 1987 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна. Энэхүү гүйлтэд янз бүрийн үндэс угсаа, шашин шүтлэг, соёл уламжлалтай сая сая хүн нэгдэн оролцдог. Монгол Улс анх 1995 оноос эхлэн энхийн гүйлтийн галт бамбарыг хүлээн авч байжээ.

Шри Чинмой дэлхий ертөнц эв найрамдалтай байгаасай гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулж, 40 гаруй жилийн турш дэлхийн хэмжээнд урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлын арга хэмжээг дэмжиж иржээ.

Шри Чинмой дэлхийн олон оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг хамардаг соёлын, хүмүүнлэгийн, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.  

Дэлхийн энх тайван,  хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, энхийн гүйлтийг Монгол Улсын хэмжээнд үндсэн маршрутын дагуу зохион байгуулах, Онцгой байдлын албыг олон нийтэд сурталчлан таниулах ажиллагааг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд зохион байгуулсан энхийн гүйлт өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, Улаанбаатар төмөр замын Соёлын ордон, Саппоро, Геологийн төв лаборатори, 22-ын товчоо гэсэн маршрутаар зохион байгуулагдлаа. Энхийн гүйлтэд нийслэлийн Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч нэгдэн оролцож, галт бамбарыг өртөөлөн энхийн гүйлт зохион байгуулагчдад гардуулж өгсөн юм. 

Зүүн ази, номхон далайн орнуудыг дайран өнгөрөх энэхүү галт бамбартай энхийн төлөө буухиа гүйлтийн  8-9 хүнтэй үндсэн шигшээ багийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Ариунжаргал нар багтаж галт бамбарыг өртөөлж байгаагаараа онцлог юм. 

Манай улс 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын талаас галт бамбарыг хүлээж авсан. Энхийн төлөө буухиа гүйлт нийт 13 аймгийн 39 сумын 3000 орчим км замыг туулан үргэлжлэн дуусах бөгөөд Дорнод – Сүхбаатар – Хэнтий- Багануур – Улаанбаатар хот- Сэлэнгэ-Дархан Уул- Орхон -Булган аймаг гэсэн маршрутаар зохион байгуулагдсан. Цаашлаад Хөвсгөл- Завхан-Увс, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар үргэлжлэх юм. Төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын алба хаагчид ч энхийн төлөө буухиа гүйлтэд нэгдэн оролцож байна. 

Галт бамбартай энхийн гүйлт 2018 оны 06 дугаар сарын 21, 22 нд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур Ташаант хилийн боомтод бамбараа ОХУ-д хүлээлгэж өгснөөр өндөрлөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

scroll to top