Азийн сайд нарын бага хуралд монгол хүүхдүүд дуу хоолойгоо хүргэнэ

Children-1.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал ирэх долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус хурлыг угтан Японы Хүүхдийг ивээх сангаас Монгол Улс, БНХАУ, Камбож, Шри-Ланк, Балба, Индонез, Вьетнам, Мьянмар улсуудад хүүхэд, залуучуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Харин Монгол Улсад зохион байгуулагдсан тус зөвлөгөөнийг Японы Хүүхдийг ивээх сан удирдан олон улсын хүмүүнлэгийн багийн боловсролын бүлгийн гишүүн байгууллага буюу НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг,  Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан уг зөвлөгөөнд нийт 40 хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөний үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд хүүхэд, залуучуудын төлөөлөл болон оролцох гурван төлөөлөгчийг сонгосон юм.

Зөвлөгөөнөөс хүүхэд залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж, гарц шийдлийнхээ талаарх санал, уриалга боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад гардуулан өглөө. Тус уриалгыг хурлын хүүхэд, залуучуудын бүлгийн мэдэгдэлд хүргүүлэх юм. Ингэснээр, монгол хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилга Азийн сайд нарын чихэнд хүрч, орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах бололцоотой болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top